Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газарт коронавирустэй тэмцэхэд нь зориулж 32.8 сая фунт стерлингийн хандив цуглуулж чадсан Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Том Мурт төрийн дээд шагналуудын нэг болох баатар цолыг олгохоор болжээ.
“Хурандаа Том Мурын эхлүүлсэн хандив цуглуулах кампанит ажил нь ард олонд урам зориг өгч, коронавирусний цар тахлын энэ үед бидний сэтгэлд итгэл найдварын гэрлийг цацраасан юм. Түүний энэ гайхамшигт түүх сэтгэлд нь хүрсэн хэн бүхний өмнөөс халуун талархал илэрхийлж байна. Энэ хүн бол жинхэнэ үндэсний баялаг юм” хэмээн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.
Өдгөө 100 настай ахмад дайчинд шагнал олгох тухай хүсэлтийг Борис Жонсон гаргасан бөгөөд түүний хүсэлтийг Их Британийн хатан хаан II Елизавета хүлээн авсан байна. Коронавирусний цар тахал дэгдэж байгаатай холбоотойгоор Том Мурт хэзээ шагнал гардуулах нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
24news.mn