Миннесота муж улсын Миннеаполис хотод цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа нас барсан африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойдтой салах ёс гүйцэтгэх, оршуулах ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцохгүй гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжлав.
АНУ-д ойрын хэдэн өдрүүдэд Флойдын дурсгалд зориулж гашуудлын хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Пүрэв гарагт талийгаачтай салах ёс гүйцэтгэх ажиллагаа Миннеаполис ба Нью-Йорк хотод болсон бөгөөд амралтын өдрүүдэд Рэйфорд хотод /Умард Каролина/, даваа гарагт Хьюстон /Техас/ хотод болох бөгөөд маргааш нь түүнийг оршуулах юм. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Америкийн удирдагчийн төлөвлөгөөнд эдгээр арга хэмжээний нэг нь ч ороогүй байна.
Флойд тавдугаар сарын 25-нд Миннеаполис хотын эмнэлэгт нас баржээ. Түүнийг саатуулсан цагдаа хүзүүн дээр нь найман минут орчим өвдөглөн сууснаас тэрбээр амиа алдсан юм. Жорж Флойд амьсгал хураахаас өмнө амьсгалж чадахгүй байгаагаа олон дахин давтаж хэлсэн ч цагдаа нар тоогоогүй байна. Түүнийг баривчилж буй бичлэг ил болсны дараа Миннесота болон өөр олон муж улсад олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа эхэлж, улмаар эмх замбараагүй байдал дэгдсэн билээ. Флойдыг саатуулсан цагдаагийн дөрвөн ажилтныг ажлаас нь халж, хэрэг үүсгэсэн юм. Эмх замбараагүй байдлыг зохицуулахад Үндэсний гвардын цэргүүдийг дайчилж, 40 орчим хотод хөл хорих цаг тогтоогоод байгаа билээ.
24news.mn