2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
БИЧЛЭГ: Цагдаад буудуулсан африк америк залуугийн бичлэгийг дэлгэжээ

Америкийн Атланта хотод өнгөрсөн баасан гарагт цагдаад буудуулж амиа алдсан африк америк гаралтай 27 настай Райшард  Брүүксийн бичлэг дэлгэгджээ. 

Цагдаагийн энгэрийн камер, машины хар хайрцаг болон Wendy  хоолны газрын камерт бичигдсэн үйл явдлыг CNN  нэгтгээд харуулсан байна.

Райшард Брүүкс Wendy's хоолны газрын машинтайгаа үйлчлүүлдэг хэсэгт машиндаа унтаж байжээ. Цагдаагийн офицер Девин Броснан цонхыг нь тогшиж сэрээж буй нь энгэрийн камерт нь бичигдсэн байна. Дараа нь офицер хаалгыг нь онгойлгож "Залуу минь, чи машинаа хөдөлгөөнд саад болгож тавьсан байна" гэхэд Брүүкс эхлээд хариу өгөөгүй байна.

Брүүкс түүнд эрүүл бус харагджээ. Броснан түүнээс ядарсан эсэхийг асуусан бөгөөд түүнийг машинаа зогсоолд тавихыг хүссэн байна. Хэд хэдэн удаа шаардуулсны дараа тэрбээр машинаа хөдөлгөжээ. Дараа нь Брүүксийг уусан эсэхийг асуухад Брүүкс ганц л уусан гэв. /ганц юу гэдэг нь ойлгомжгүй/ Түүнийг эрүүл эсэхийг шалгуулахаар Броснан радио холбоогоор өөр цагдаа дуудсан байна. 

Офицер Девин Броснан Брүүксээс:

-Чи хэнтэй уулзахаар ирсэн юм? гэж асуухад
-Ээжийнхээ шарилыг эргэхээр ирсэн.
-Өө, уучлаарай. Ийм зүйл сонсох харамсалтай байна хэмээн Броснан хэлж байгааг тэдний яриан дундаас сонсож болохоор байв.

Хэдэн минутын дараа офицер Гаррет Ролф ирж Броснанаас тайлбар авсны дараа Брүүксийг байцааж эхэлжээ. Брүүкс яагаад машин зам дээр зогсож буйгаа санахгүй байна, хаана байгаагаа ч мэдэхгүй байна хэмээн хариулсан байна. 

Ролф түүнийг эрүүл эсэхийг шалгаж, Брүүксээс 1-10 шатлалаар биеийн байдлаа дүгнэхийг хүсэхэд "Би зүгээр байна аа" гэж хариулжээ. Дараа нь офицер Ролф түүнийг согтууруулах ундаа уусан эсэхийг төхөөрөмжөөр шалгажээ. Брүүкс охиных нь төрсөн өдөр болсон болохоор уусан гэж хэлсэн байна.  Ролф "Чи жолоо барихад хэтэрхий согтуу байна. Гараа ардаа ав"  гэв. Тэрбээр Брүүксийн гарыг гавлах гэтэл Брүүкс эсэргүүцэж эхэлжээ. Броснан, Ролф, Брүүкс гурав ноцолдсоноос цагдаа нарын энгэрийн камер газар унасан байна.

Машины камерын бичлэгт Брүүкс цагдаагийн цахилгаан бороохойг булаан авч буй нь үлджээ. "Бороохойноос гараа тат" хэмээн офицер хэлж байгаа нь бичигдсэн байна. Ноцолдож байхдаа Брүүкс Ролфын нүүр рүү цохижээ. Брүүкс тэднээс мултарч зугтахаар нь гал нээсэн байна.

Райшард Брүүкс эмнэлэгт хүргэгдэж, хагалгаа хийлгэсэн ч шархаа даалгүй амиа алджээ. Тэрбээр 1, 2, 8 настай гурван охинтой, 13 настай дагавар хүүтэй бөгөөд найман настай охиных нь төрсөн өдөр болохоос нэг өдрийн өмнө амиа алдсан байна.

Энэ явдлын дараа офицер Гаррет Ролфыг ажлаас нь халсан бол Девин Броснан захиргааны хариуцлага хүлээхээр болж, Атлантагийн цагдаагийн газрын дарга өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буусан юм.

Эх сурвалж: CNN

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.