Хүчингийн хэрэгт буруутай нь тогтоогдсон Америкийн кино продюсер Харви Вайнштейны хэргийн хохирогчид 19 сая орчим ам.долларын нөхөн төлбөр авна гэж Нью-Йорк муж улсын Ерөнхий прокурор Летиция Жеймс мэдэгджээ.
Ийм тохиролцоонд Вайнштейн болон түүний “Weinstein” компанитай холбоотой хэд хэдэн шүүх ажиллагааны хүрээнд хүрчээ. Уг компанийг Вайнштейн ах Робертын хамт эзэмшдэг байсан бөгөөд тус компани 2018 оны хоёрдугаар сард дампуурлаа зарласан байна.
Мэдэгдэлд дурдсанаар, нөхөн төлбөрийг Вайнштейны бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн, түүний компанид ажиллаж байхдаа хүйсээр ялгаварлан гадуурхагдсан эмэгтэйчүүд авах аж. Гэхдээ тэдний хэд нь нөхөн төлбөр авах нь тодорхойгүй байна. Өмнө нь 80 орчим эмэгтэй Вайнштейныг бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлд буруутгасан билээ. Эдгээр эмэгтэйчүүдийн хэн нь төлбөр авах эрхтэйг шүүхээс томилсон тусгай мэргэжилтнүүд тогтоох аж.
Өнгөрөгч гуравдугаар сард Нью-Йорк хотын Дээд шүүх Америкийн продюсер Харви Вайнштейныг хүчингийн хэрэгт буруутай гэж үзэн, 23 жилийн хорих ял оноосон билээ. Вайнштейнтай холбоотой хэргийг мөн Калифорни муж улсын шүүх шалгаж байгаа аж.
24news.mn