2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Ж.Болсонару батлагдаагүй эмийг дахин сайшаажээ

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару “COVID-19”-тэй тэмцэхэд хумхааны эм “гидроксихлорхин” тустай гэж лхагва гарагт дахин мэдэгджээ.

Ж.Болсонаругийн коронавирусний шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногт эерэг гарсан бөгөөд тэрбээр давтан шинжилгээний хариугаа дахин эерэг гарсан талаар мэдээлэх үеэрээ ийнхүү хэлсэн байна.

“Би эмчлүүлж эхэлснээсээ хойш эмчийн зөвлөгөөний дагуу “гидроксихлорохин” ууж байгаа. Уг эмийг ууж эхэлсний маргаашнаас биеийн байдал маань дээрдэж эхэлсэн” гэж Бразилын Ерөнхийлөгч нийгмийн сүлжээндээ нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр ярьжээ. "Энэ тохиолдол эсэхийг мэдэхгүй ч миний биед үйлчилж байна" гэж тэрбээр нэмж хэлжээ.

“Гидроксихлорохин” шинэ коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд үр дүнтэй гэх шинжлэх ухааны нотолгоо байхгүй байгаа хэдий ч Ж.Болсонару ойрын холбоотон болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэгэн адил уг эмийг сайшаасаар ирсэн юм.

Бразилын Ерөнхийлөгч халдвар авснаасаа хойш өөрийнхөө биеийн байдлыг сайн байгаа хэмээн мэдээлж байгаа бөгөөд шинжилгээний хариугаа сөрөг гарах хүртэл гэрээсээ ажиллана гэдгээ мэдэгджээ.

Бразил нь халдварын тохиолдол, нас барсан хүний тоогоор АНУ-ын араас хоёрдугаарт жагсаж байгаа юм. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Бразилд халдварын 1966000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 75 мянга гаруй хүн нас барсан байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.