БНАСАУ-тай бараа бүтээгдэхүүн солилцох боломжийг БНСУ-ын Засгийн газар судалж байгаа тухай Үндэстнээ нэгтгэх яам мэдээлжээ.
"Солонгосын нэгдэл" гэдэг нэртэй Өмнөд Солонгосын хоршооллуудын холбоо болон БНАСАУ-ын "Кэсон корё-инсам" худалдааны компани Хятадын зуучилснаар Бээжин хотод хийсэн уулзалтынхаа үеэр Умард Солонгосын нэрсний ликёрыг Өмнөд Солонгосын элсэн чихэртэй солилцох тухай гэрээнд гарын үсэг зуржээ. БНАСАУ-аас БНСУ руу согтууруулах ундаанаас гадна амттан, цай, уух юм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвтэй байна.
Солонгос хоорондын бараа солилцоог сэргээх замаар хоёр улсын харилцаанд үүссэн мухардлыг арилгахыг зорьж байгаагаа Үндэстнээ нэгтгэх сайд Ли Ин Ён өмнө нь мэдэгдсэн байна. Засгийн газар энэхүү төслийг дэмжвэл Умард Солонгосоос Хойд Солонгос руу сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа бүтээгдэхүүн нийлүүлэх аж. Арван жилийн өмнө БНСУ-ын эрх баригчид БНАСАУ-ын эсрэг дангаар хориг арга хэмжээ авч байсан аж.
2010 онд Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний “Чонан” хөлөг онгоц сүйрсний хариуцлагыг БНАСАУ өөртөө хүлээгээгүйн улмаас Өмнөд Солонгосын эрх баригчид БНАСАУ-д дангаар хориг арга хэмжээ авчээ. Хөлөг онгоц хүчтэй дэлбэрэлтийн улмаас хоёр хуваагдан живжээ. Энэ хэрэгт БНСУ болон АНУ БНАСАУ-ыг буруутгасан бол БНАСАУ мөрдөн шалгалтын дүнг хуурамч хэмээн мэдэгдэж, осол болсон газарт цэргийн шинжээчдээ илгээхийг хүсжээ. Харин БНСУ татгалзсан хариу өгсөн байна. Үүнээс улбаалан хоёр Солонгосын харилцаа огцом мууджээ.
24news.mn