Манай улс вакцины үр дүнтэй, аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих болно гэж АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн албаны сайд Алекс Азар мэдэгджээ.
“Хамгийн түрүүнд вакцин гарган авах нь бидний гол зорилго биш. Иргэддээ төдийгүй дэлхий дахинд зориулж аюулгүй, үр дүнтэй вакцин гарган авах нь бидний гол зорилго юм” хэмээн тэрбээр ОХУ-ын Эрүүл мэндийн яам дэлхийн анхных болох коронавирусний эсрэг вакциныг бүртгэсэн талаарх мэдээлэлд тайлбар өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
Үүний өмнө АНУ-ын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх мэдэгдэхдээ, АНУ вакцин гарган авахдаа Оросоос илүү нарийн стандартыг барих болно гэжээ. Энэхүү стандартуудыг АНУ-ын хүнс, эмийн бүтээгдэхүүний чанарт эрүүл ахуйн хяналт шалгалт хийдэг газар тогтоож байгаа ажээ.
Мягмар гарагийн өглөө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдээлэл хийх үеэрээ, Орос улс дэлхийд анх удаа коронавирусний эсрэг вакциныг улсын бүртгэлд бүртгэсэн гэдгийг зарлан мэдэгдсэн билээ. Уг вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийсэн байна. “Спутник V” гэж нэрлэгдсэн уг вакциныг В.Путиний охидын нэг нь өөр дээрээ туршжээ.
24news.mn