2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Д.Трамп Ангараг гараг дээр Америкийн далбааг мандуулахаа амлав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд сансрын эмэгтэй нисэгчээ хамгийн түрүүнд Сар руу илгээж, тус улсыг Ангараг гараг дээр далбаагаа мандуулсан анхны улс болгохоо амлав. 

“Бид сансар дахь Америкийн манлайллын шинэ эринийг эхлүүлнэ. Америк улс сансрын эмэгтэй нисэгчийг Сар руу илгээж, Ангараг дээр далбаагаа мандуулсан анхны улс болно” гэж Д.Трамп Бүгд Найрамдах намын их хуралд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Д.Трампын засаг захиргаа сарны хөтөлбөрөө сэргээж буйгаа мэдэгдсэн билээ. “Artemis” хэмээн нэрлэсэн уг хөтөлбөрийн хүрээнд Сар руу дахин хүн илгээж, Саран дээр урт хугацаанд хайгуул судалгаа хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Ангараг руу жолоодлогот хөлгөөр хийх аяллын эхлэлийг тавих аж. Сарыг эзэмших шинэ хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Сар орчмын тойрог замд "Gateway" станц байгуулах юм. Энэхүү хөтөлбөрийг НАСА арилжааны түншүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд олон улсын хамтын ажиллагааг чухалчилж буйг АНУ-ын эрх баригчид удаа дараа мэдэгдсэн билээ. 

Сарыг эзэмших АНУ-ын хөтөлбөрт дэлхийн 26 улс оролцох хүсэлтээ илэрхийлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.