“Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг” буюу АСЕАН-ы орнууд цар тахал дууссаны дараа эдийн засгийг сэргээх арга хэмжээг хэлэлцжээ.
АСЕАН-ы орнуудын Эдийн засгийн сайд нарын 52 дахь удаагийн бага хурлыг наймдугаар сарын 22-30-ны хооронд теле бага хурал хэлбэрээр зохион байгуулжээ. “Сайд нар АСЕАН-ыг даргалагч орны хувиар Вьетнам улсын санал болгосон санаачилгууд, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцлоо” гэж тус удсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Чан Таун Ань бага хурлын дараа мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр, мөн АСЕАН болон Австрали, Шинэ Зеланд, Канад, Их Британи, АНУ зэрэг түүний гол түншүүд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн байна. Үүнээс гадна, БНХАУ, Япон, БНСУ-ын төлөөлөгчдийн оролцоотой “АСЕАН + 3” хэлбэрээр зөвлөлдөх уулзалт хийжээ. Сайд нарын хэлэлцээний дараа бүс нутгийн эдийн засагт үзүүлэх “COVID-19”-ийн сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон цар тахалтай тэмцэх эдийн засгийн харилцаа холбоог бэхжүүлэх хамтарсан санаачилгыг баталсан байна. Эдгээр арга хэмжээнд худалдаа, хөрөнгө оруулалтын нээлттэй зах зээлийг дэмжих, худалдаа, тарифын саад хэрэглэхийг хязгаарлах, үйлдвэрлэлийг тогтворжуулах, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээн дэх уялдаа холбоог хадгалахын тулд худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг бэхжүүлэх талаар тусгажээ.
АСЕАН буюу "Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг"-т улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдсэн 10 улс багтдаг байна. Анх 1967 онд Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин улсуудын Гадаад хэргийн яамны сайд нар Тайландын Бангкок хотноо “Бангкокийн тунхаглал”-д гарын үсэг зурснаар тус нийгэмлэгийн суурийг тавьжээ. АСЕАН-ийг даргалах эрх 2020 оны эхээр Вьетнам улсад шилжсэн байна.
24news.mn