2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Австралийн сэтгүүлчийг БНХАУ-д саатуулжээ

БНХАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг Австралийн сэтгүүлч, нэвтрүүлэгч Чэн Лэйг Хятадын эрх баригчид саатуулжээ. Түүнийг хоёр долоо хоног гаруйн өмнө саатуулагдсан гэдгийг Австралийн Гадаад хэргийн сайд Мариз Пейн даваа гарагт нотолсон байна.

"Австралийн Засгийн газарт Австралийн иргэн Чэн Лэйг Хятадад саатуулсан талаар мэдээлэл ирсэн" гэж М.Пейний мэдэгдэлд тэмдэглэжээ. Хятадын эрх баригчид түүнийг саатуулсан талаарх албан ёсны мэдэгдлийг наймдугаар сарын 14-нд ирүүлсэн ажээ.

“Австралийн төлөөлөгчид саатуулах байранд байгаа Чэн Лэйтэй наймдугаар сарын 27-нд цахимаар консулын уулзалт хийсэн бөгөөд цаашид түүнд болон гэр бүлд нь үргэлжлүүлэн тусламж, дэмжлэг үзүүлнэ” гэж М.Пейн мэдээлжээ. “АВС” сувгийн мэдээлснээр, сэтгүүлчид ял тулгаагүй байгаа боловч тодорхой байршилд ажиглалт хийсэн хэмээн саатуулагдсан ажээ.

Чэн Лэйг ямар шалтгаанаар саатуулсан талаар одоогийн байдлаар албан ёсоор мэдээлээгүй байна. Тэрбээр “Twitter” хуудсаа идэвхтэй хөтөлдөг боловч наймдугаар сарын 11-нээс хойш жиргээгүй аж. 

Нэвтрүүлэгчийн бага насны хоёр хүүхэд Мельбурн хотод гэр бүлийнхнийхээ хамт байгаа ажээ. “Бид Гадаад хэргийн яамтай нягт холбоотой байгаа бөгөөд Чэн Лэйд дэмжлэг үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна” гэж түүний гэр бүл “ABC” сувагт мэдээлжээ.

Чэн Лэй хоёр жилийн өмнө нийтэлсэн дүрс бичлэгтээ өөрийгөө “CGTN” сувгийн бизнесийн шоуны нэвтрүүлэгч хэмээн хэлсэн байна. Тэрбээр “CGTN”-д 2012 оноос хойш ажиллаж байгаа боловч уг сувгийн цахим хуудсан дээр түүний мэдээлэл байхгүй байгаа ажээ.

Чэн Лэй нь мөн Квинслендийн их сургуульд худалдааны чиглэлээр суралцаж байжээ. Тэрбээр “CGTN”-д ажиллаж эхлэхээсээ өмнө “CNBC” сувгийн Ази-Номхон далайн үйл явдлын талаар мэдээлэх Хятадын сурвалжлагчаар есөн жил ажиллажээ. Үүнээс өмнө тэрбээр “Cadbury-Schweppes” компанид нягтлан бодогч, “ExxonMobil” компанид бизнесийн шинжээчээр ажиллаж байжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.