Бүртгэлийн дараах тандалт судалгааны шатанд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх тарилгыг сайн дурынханд есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд хийж эхэлнэ гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Н.Ф. Гамалеян нэрэмжит Тахал судлал, микро биологийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Александр Гинцбург мэдээллээ.
“Бүртгэлийн дараах судалгааны үе шатыг хэдийнэ эхлүүлсэн бөгөөд есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд судалгаанд хамрагдах вакциныг Москвагийн эмнэлгүүдэд хүргэнэ” гэж тэрбээр хэлсэн байна.
Гинцбургийн хэлснээр, вакцин хийхээс өмнө сайн дурынхныг шинжилгээнд хамруулах учраас вакциныг үүнээс хойш хоёроос гурав хоногийн дараа хийх аж. Вакцин хийлгэснээс хойш зургаан сарын хугацаанд сайн дурынхан компьютер, харилцаа холбооны технологиор мэдээлэл солилцох аргын тусламжтайгаар эмнэлгийн байнгын хяналтад байх бөгөөд өөрийгөө ажиглах өдрийн тэмдэглэл бүхий гар утасны аппликейшн ашиглана. Зарим оролцогчдод даралт, халуун хэмжих электрон бугуйвч зүүх аж. Судалгаанд 18-аас дээш насны нийтдээ 40 мянган хүнийг оролцуулах бөгөөд өмнө нь "COVID-19"-ийн халдвар аваагүй, эрүүл хүмүүс байх ёстой.
Н.Ф.Гамалеян нэрэмжит хүрээлэнгийн эрдэмтдийн гарган авсан "Спутник V" вакцин нь улсын бүртгэлд бүртгэсэн дэлхийн хамгийн анхны коронавирусний вакцин болсон билээ. Уг вакциныг наймдугаар сарын 11-нд бүртгэсэн байна.
24news.mn