Японы Засгийн газар бүх иргэнээ коронавирусний вакцинжуулалт үнэгүй хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж “Kyodo” агентлаг мэдээлжээ.
Үнэ төлбөргүй вакцинжуулалтад эхний ээлжинд ахмад настнууд, эмнэлгийн ажилтнууд зэрэг халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүсийг хамруулж магадгүй гэж “Kyodo” агентлагийн эх сурвалж мэдээлсэн байна. "Майнити" сонинд мэдээлснээр, дээрх асуудлыг Японы эрх баригчид ойрын долоо хоногт хэлэлцэх аж.
Иргэдээ коронавирусний вакцинд хамруулах ээлж дарааллыг коронавирусний тархалттай тэмцэх Японы Засгийн газрын комисс наймдугаар сарын 21-нд гаргажээ. Уг хуваарийн дагуу ахмад настнууд, хүнд өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настны асрамжийн газрын ажилтнууд хамгийн эхэнд вакцин хийлгэх ёстой юм.
Японы эрх баригчид өмнө нь Их Британи-Шведийн эмийн үйлдвэрийн “AstraZeneca” компани болон Америкийн “Pfizer” компанитай туршилтын вакцин нийлүүлэх гэрээ байгуулжээ. Эдгээр компаниуд тус улсад 120 сая тун вакцин нийлүүлэх ёстой юм.
Японд коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш 69800 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 1300 хүн нас барсан бол 58400 орчим хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар 234 өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж.
24news.mn