Японы Сансар судлалын агентлагийн “Hayabusa-2” төхөөрөмж бага гаргаас цуглуулсан сорьц бүхий бортогоо /capsule/ ирэх 12 дугаар сарын эхээр дэлхийд буулгахаар төлөвлөж байна.
Сансар судлалын агентлагийн судлаачдын баг уг бортогонд “Рюгү” бага гаргийн гадаргуугаас цуглуулсан элс болон бусад материал байгаа хэмээн үзэж байна. “Hayabusa-2” бага гараг дээр хоёр удаа буусан бөгөөд одоо дэлхий рүү ирж байгаа юм.
Судлаачдын багийн мэдээлснээр, “Hayabusa-2” ирэх 12 дугаар сарын 5-нд дэлхийгээс 220 мянган километрийн зайнаас бортогоо салгах ажээ. Бортого түүнээс 12 цагийн дараа Австралийн өмнөд нутгийн цөлд газардах төлөвтэй байна.
“Hayabusa-2” бортогоо салгасныхаа дараа дэлхийн агаар мандал руу унаж буй гэрэл зургийг нь авах бөгөөд уг төхөөрөмжийг дахин даалгавар гүйцэтгүүлэхээр өөр бага гараг руу илгээх ажээ.
24news.mn