2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Киприйн сонин “алтан паспорт” эзэмшигч 34 хүний нэрсийн жагсаалтыг нийтэлжээ

“Өндөр эрсдэлтэй” этгээдүүдийн бүлэгт багтаж байсан, мөрдөн шалгуулж байсан эсвэл бизнесийн үйл ажиллагаа нь хориг арга хэмжээнд орж байсан олон бизнес эрхлэгч гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар 2008-2012 онуудад Кипр улсын иргэншил авч байжээ. “Politis” сонин Киприйн алтан паспортыг эзэмшигч 34 хүний нэрсийн жагсаалтыг гаргасан бөгөөд тус жагсаалтад Оросын, Украины болон Сирийн  бизнес эрхлэгчид багтжээ. 

Тухайлбал жагсаалтад, “VEB”-н тэргүүн дэд дарга Михаил Кузовлев, “Вид” компанийг үүсгэн байгуулагч Алексей Ушамирский, дуучин Алсугийн нөхөр Ян Абрамов, Чувашын сенатч асан Леонид Лебедев, “Газпром”-ын санхүү, эдийн засаг хариуцсан газрын орлогч дарга Игорь Шаталов зэрэг бизнес эрхлэгч багтжээ.

“Алтан паспорт”-ыг ямар нөхцөлөөр олгодог вэ?

Хөрөнгө оруулалт хийснийх нь хариуд иргэншил олгох хөтөлбөр Кипр улсад хэрэгждэг. Хөтөлбөрийн нөхцөлд зааснаар, эдийн засагт нь эсвэл бизнес, үл хөдлөх хөрөнгөд нь 2 сая еврогийн хөрөнгө оруулалт хийснийх нь хариуд алтан паспортыг олгодог байна. 2019 оны 2 дугаар сараас хөрөнгө оруулагч Кипр улсын шинэчлэлийн хөгжлийн санд нэмж 75 мянган еврогийн санхүүжилт олгох ёстойгоос гадна мөн хэмжээний мөнгийг бага орлоготой иргэдэд зориулсан орон сууцны бүтээн байгуулалтын санд оруулах ёстой болжээ. 

Иргэншил авах хугацаа нь хагас жил байдаг бөгөөд ингэхдээ тус улсад заавал байнгын оршин суух шаардлагагүй аж. Учир нь Киприйн паспорт Их Британи, Канад, Сингапур зэрэг дэлхийн 156 улсад визгүй зорчих, ажиллаж, амьдрах, сурах, татварын хөнгөлөлт эдлэх боломжийг олгодог байна. Иргэншил олгох хөтөлбөр нь Кипр улсад жилд дунджаар 900 сая ам.долларыг авчирдаг болохыг  “Transparency International ба Global Witness” судалгааны дүн харуулжээ.

Хууль бус аргаар авсан мөнгөөр энэ паспортыг эзэмшихээс болгоомжилж буйтай холбоотойгоор Европын холбооны удирдлага Киприйн энэхүү хөтөлбөрийг нэг бус удаа шүүмжилж байжээ. Үүнээс гадна Европын өөр хэд хэдэн улсад “алтан паспорт” байдаг аж.

Тухайлбал Мальта улсын үндэсний санд 650 мянган еврог хандивлах, засгийн газрын бондыг 5 жилийн хугацаатайгаар 150 мянган еврогоор худалдан авах, 350 мянган еврогоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эсвэл жилд 16 мянган еврогийн түрээсийн төлбөрийг төлвөл 12 сарын хугацаанд Мальта улсын иргэн болох боломжтой аж.

Хамгийн үнэтэй “алтан паспорт” Австрид байдаг. Иргэншил авах хугацаа нь 12-14 сар үргэлжилдэг бөгөөд 2-4 сая еврогоор бүтдэг байна. Энэхүү паспорт нь мөн дэлхийн 150 гаруй оронд чөлөөтэй нэвтрэх боломжийг олгодог аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.