2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Япон баллистик пуужингаас хамгаалах хөлөг онгоц бүтээх гэж буйгаа АНУ-д мэдэгджээ

Японы эрх баригчид худалдаж авахаас татгалзахаар шийдсэн “Aegis Ashore” цогцолборын өөр нэг хувилбарын хувиар зөвхөн баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах зориулалттай тусгай хөлөг онгоцууд бүтээхээр төлөвлөж буйгаа АНУ-д мэдэгдсэн байна. Энэ тухай “Kyodo” агентлаг тус улсын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Ийм хувилбар нь технологийн хувьд илүү өндөр хөгжсөн, байлдааны нисэх онгоц эсвэл шумбагч онгоцноос хийх дайралтаас хамгаалах чадвартай “Aegis” системтэй хөлөг онгоцны тоог нэмэгдүүлэхээс хямд төсөр байх болно гэж Японы Засгийн газрын гишүүд үзэж байгаа аж. Үүнээс гадна, ийм хөлөг онгоцууд нь “Aegis Ashore” системийг байрлуулахтай адил орон нутгийн эрх баригчдаас зөвшөөрөл авах шаардлагагүй байна. АНУ-ын засаг захиргаа “Aegis Ashore” загварын хоёр цогцолборыг Японд худалдах зөвшөөрлийг хэдийнээ өгсөн байсан юм. Тэдгээрийг байрлуулах газраар Японы Хоншю арлын баруун өмнөд хэсэгт орших Ямагучи муж болон Акита мужийн хойд хэсгийг сонгосон байжээ. Гэвч тус хоёр мужийн эрх баригчид уг цогцолборыг байрлуулах зөвшөөрөл өгөөгүй юм.

“Бид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчийг бэхжүүлэх далайн хувилбарын тухайд шийдвэрийг бараг л гаргасан” гэж “Kyodo” агентлагийн эх сурвалж хэлжээ. “Nikkei” сонинд өмнө нь мэдээлснээр, шинэ хөлөг онгоцуудад “Aegis Ashore” цогцолборын асуудлаар хэдийнэ байгуулсан гэрээний дагуу Америкийн талаас нийлүүлэх ёстой 180 тэрбум иений (1.69 тэрбум ам.доллар) үнэтэй тоног төхөөрөмжийг ашиглаж магадгүй байна. Тодруулбал, энэ нь “Lockheed Martin” компанийн үйлдвэрлэсэн “SPY-7” радар аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.