2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хуримын уламжлалууд

Хуримын ёслол нь дэлхий нийтийн баяр боловч улс орон, соёл, ёс заншлаасаа хамааран өөр өөр уламжлалаар тэмдэглэдэг. Өрнөдийн ихэнх орнуудад цэцгийн баглаа шидэж, бялуу зүсэх нь хуримын гол хэсэг байдаг бол бусад улс оронд өөр байдаг ажээ.

Хятад: Сүйт бүсгүйгээ харвах

Хятадын Уйгур соёлд сүйт залуу нь ирээдүйн сүйт бүсгүйгээ нум сумаар (сумны үзүүрийг салгаж авдаг) гурван удаа харвадаг. Үүрдийн хайрын бэлэг тэмдэг болгож сүйт залуу уг сумыг хугалдаг байна.

Шотланд: Сүйт бүсгүйг шоглох

Хуримын өмнөх өдөр сүйт бүсгүйг найзууд нь гэнэт авч явж, гашилсан сүү, үхсэн загас, муудсан хоол зэрэг хог хаягдал шиддэг бөгөөд үүний дараа түүнийг модонд хүлдэг байна. Хэрвээ эдгээрийг давж чадвал цаашид амьдралд тохиолдох хүнд хэцүү бэрхшээлүүдийг хялбархан давж чадна гэж бэлгэддэг аж.

Солонгос: Сүйт залуугийн хөл рүү цохих

Солонгосын уламжлалд сүйт залууг хуримын анхны шөнөөс өмнө загас эсвэл таягаар хөл рүү нь цохиж, түүний тэсвэр тэвчээр, жинхэнэ зан чанарыг нь шалгадаг.

Энэтхэг: Модтой гэрлэх

Ангараг болон Санчир гарагтай холбоотой өвөрмөц үед төрсөн эмэгтэйчүүдэд хараал шингэсэн гэж үздэг бөгөөд нөхрөө эрт үхэлд хүргэх аюултай гэж үздэг байна. Үүнээс сэргийлэхийн тулд сүйт бүсгүйг эхлээд модтой гэрлүүлж уг модыг нь тайрч авдаг ажээ.

Франц: Суултуураас юм уух

Шинээр гэрлэсэн хосууд хуримын ёслолоос үлдсэн зүйлсийг суултуурт хийж уудаг байна. Сүүлийн үед шампанск болон шоколадаар орлуулдаг болсон ч заавал суултуураас уух ёстой гэнэ. Ингэснээр хосуудад хуримын шөнө нь хүч чадал өгдөг гэж үздэг.

Ирланд: Хөлөө газраас салгахгүй байх

Сүйт бүсгүй бүжиглэж байх явцдаа хөлөө газраас хөндийрүүлж болохгүй бөгөөд хэрэв тэгвэл муу ёрын сүнс өөрийг нь авч явна гэж үздэг байна. 

Герман: Таваг хагалах

Германы уламжлалт хуриманд ирсэн зочид муу ёрын сүнсийг хөөн зайлуулах зорилгоор шилэн эдлэлээс бусад төрлийн шаазан эдлэл авчирч хагалдаг. Хосууд түүнийг хамтдаа цэвэрлэснээр гэрлэсний дараах амьдрал амархан байдаггүйг ойлгож, хамтдаа байвал юу ч тохиолдсон даван туулж чадна гэдгийг сурдаг ажээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.