2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
ОХУ дахин нэг улстай нислэгээ сэргээлээ

“COVID-19” цар тахлын улмаас БНСУ-тай зогсоогоод байсан нислэгээ ОХУ ням гаргаас сэргээхээр болсон байна.

 

Шинэ коронавирусний халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх, тархахаас урьдчилан сэргийлэх ОХУ-ын шуурхай штабын хурлын дараа ийм шийдвэр гаргажээ. Тус улсын Засгийн газар энэхүү шийдвэрийг баталсан байна.

Оросын агаарын тээврийн "Аэрофлот" компанийн мэдээлснээр, долоо хоногт нэг удаа, пүрэв гарагт  Өмнөд Солонгосын нийслэл рүү нислэг үйлдэнэ. Харин Сөүл-Москва чиглэлийн буцах нислэгийг бямба гаргуудад үйлдэх аж. Энэхүү хуваарийг харгалзвал Москва-Сөүл чиглэлийн агаарын тээврийн анхны нислэгийг аравдугаар сарын 1-нд, буцах нислэгийг аравдугаар сарын 3-нд үйлдэнэ.

Коронавирусний цар тахлын улмаас ОХУ гуравдугаар сарын 27-ноос эхлэн гадаадад байгаа иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгээс бусад агаарын тээврийн бүх харилцаагаа түр зогсоосон юм. Цар тахлын үеэр тус улс тусгай үүргийн 580 гаруй нислэг үйлдэж, 92 мянга гаруй иргэнээ эх оронд нь авчирчээ.

ОХУ бусад улстай агаарын харилцаагаа аажмаар сэргээж байгаа бөгөөд одоогийн байдлаар Турк, Их Британи, Танзани, Швейцар, Египет, АНЭУ, Беларусь, Киргиз, Казахстан, Мальдивын зарим хот руу нислэг үйлдэхийг зөвшөөрчээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.