АНУ-ын “SpaceX” компанийн бүтээсэн “Crew Dragon” сансрын хөлөг ирэх 10 дугаар сарын 31-нд дөрвөн сансрын нисгэгчийг Олон улсын сансрын станцад /ОУСС/ хүргэнэ гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ мэдээллээ.
“Crew Dragon” ОУСС-д сансрын нисгэгчдийг хүргэх туршилтаа энэ оны тавдугаар сард амжилттай явуулснаасаа хойш ийнхүү нислэг үйлдэх гэж буй нь энэ юм. Уг туршилтын нислэгээр ОУСС-д очсон Америкийн хоёр сансрын нисгэгч хоёр сарын даалгавраа гүйцэтгэсний дараа наймдугаар сард эргэн ирсэн байна.
“SpaceX” компанийн сансрын хөлөг 10 дугаар сарын 31-нд АНУ-ын зүүн өмнөд нутгийн Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс хөөрнө гэж “NASA” даваа гарагт мэдээлжээ. Японы сансрын нисгэгч Сойчи Ногүчи, АНУ-ын сансрын нисгэгчид Майкл Хопкинс, Виктор Гловер, Шэннон Уокер нар зургаан сарын даалгавар гүйцэтгэхээр ОУСС-ыг зорих ажээ.
АНУ-ын “Space Shuttle” хөтөлбөр 30 жил үргэлжилсний эцэст 2011 онд зогссоноос хойш “NASA” уг хөтөлбөрийн залгамжлагчийг бүтээхээр “SpaceX” компанитай хамтран ажиллажээ. 2020 оны тавдугаар сард “Crew Dragon” нь ОУСС-д сансрын нисгэгчдийг хүргэсэн анхны арилжааны хөлөг болсон юм. Мөн Америкийн сансрын нисгэгчдийг эх орондоо үйлдвэрлэсэн сансрын хөлгөөр улсынхаа нутаг дэвсгэрээс хөөргөсөн түүхэн үйл явдал болсон билээ.
24news.mn