2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Киргизийн сонгууль: Дураараа авирлагчдын засаглал тэлсээр

Киргизийн парламентын сонгуулийн үр дүн маргаантай гарсантай холбоотойогор эсэргүүцлийн томоохон жагсаал цуглаан болсон билээ. Үүний улмаас төр нь эзэнгүй болсон Киргизийн дотоодын тогтвортой байдалд аюул учирч болзошгүй байна. Киргизийн сөрөг хүчнийхэн парламентын ордныг эзлэн авснаар тус улсад тогтворгүй байдал бий болжээ.

Сүүлийн үед болж буй үйл явдлуудаас үүдэн Киргизийн Засгийн газар эрх мэдлээ алдаж, итгэл найдваргүй болсны улмаас тус улс даяар дураараа авирлагчдын засаглал тарж эхэлжээ. Хүмүүс Засгийн газрын байрууд руу дайран орж, өөрсдийн удирдагчдаа дарга, хотын дарга, сайдын албан тушаалд томилж байна.

Гэсэн хэдий ч өөрсдийгөө томилох иймэрхүү "томилгоонууд" -ыг өөр нэгэн том бүлэглэл гарч ирэн өөрчлөх боломжтой ажээ. Жишээ нь ерөнхий прокуророор өөрийгөө томилсон "Бир Бол" намын удирдагч Алмамбет Шыкмаматов хэдэн зуун хүний хамт байранд нь орж ирсэн өөр намын төлөөлөгчид ажлаа өгчээ.

Хотын дарга нар ажлаа өгч, Засгийн газрын албан тушаалтнууд огцрохоос өөр аргагүй байдалд хүрч байна. Захирамж, тушаал биелүүлэх болон төрийн эрх мэдлийг шилжүүлэх үйл явцыг хэрэгжүүлэх хэд хэдэн зөвлөлийг байгуулжээ. Тус зөвлөлүүд шилжилтийн үед эрх баригчдыг төлөөлөх юм.

Зарим бүлэглэлүүд энэхүү байдлыг ашиглан шоронд хоригдож буй улстөрчдийг сулласан бөгөөд тэдний дунд авлигын хэргээр хоригдсон Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев, хүн барьцаалсан хэргээр 10 жилийн хорих ял сонссон үндэсний эрх чөлөөний “Ата Журт” намын гишүүн Садыр Жапаров нар байв. 

Үүний зэрэгцээ Киргизийн хоёр дахь том хот болох Ош хотын захирагч асан, гадаад руу дүрвэсэн Мелис Мырзакматов буцаж ирж дэмжигчдээ цуглуулж эхэлсэн байна. Түүнийг 2010 онд хотын дарга байхад болсон угсаатны мөргөлдөөний үеэр тэрбээр үндсэрхэг үзэл бүхий утга санаатай үг хэллэг хэлж, олны анхаарлын төвд орсон юм.

Эдгээр бүлэглэлүүд өөрсдийн ашиг сонирхлыг хангах зорилгоор улс төрийн эрх мэдлийн төлөө тэмцэх нь гарцаагүй юм.

Хуулийн үндэслэлгүй томилгоо 

Тэмцлийн гол бай нь Ерөнхий сайдын албан тушаал юм. Өнгөрсөн мягмар гарагт парламентын 35 гишүүн хаалттай хуралдаж, Жапаровыг шинэ Ерөнхий сайдаар томилсноо мэдэгдсэн бол дараагийн өдөр нь сөрөг хүчний өөр нэгэн бүлэг Тилек Токтогазиевийг энэхүү үүргийг гүйцэтгэнэ гэж зарласан байна. Ийм өрсөлдөөн хэвээр үргэлжилбэл Киргиз өдөр бүр шинэ Ерөнхий сайдтай болно гэж ажиглагчдын дунд наргиа гарчээ.

Эдгээр шинэ зөвлөл болон томилгоонуудад хуулийн ямар ч үндэслэл байхгүй байгаа юм. Киргизийн Үндсэн хуульд зааснаар парламентад олонхийн суудал авсан нам, эвсэл нь Ерөнхий сайдыг нэр дэвшүүлж, парламентийн гишүүд саналыг баталдаг байна. Мөн 120 гишүүнээс хамгийн багадаа 61 гишүүн нэр дэвшигчийг дэмжиж санал өгөх ёстой бөгөөд  хуралдаан нь хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй байх ёстой ажээ. Гэвч эдгээр хуулийн заалтаас аль нь ч хэрэгжээгүй байгаа юм.

“Цорын ганц хууль ёсны байгууллага бол парламент өөрөө юм. Үүнээс гарах цорын ганц арга зам бол парламентын ээлжит бус чуулган зохион байгуулах” гэж Үндсэн хуулийн шинжээч, хуульч Сания Токтогазиева хэлжээ. Мөн Ерөнхийлөгч сайн дураараа огцрохоос татгалзвал парламент түүнийг огцруулах эсэхийг шийдэх хуралдаан хийж. Улмаар парламентын дарга нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, ерөнхийлөгчийн дахин сонгууль зарладаг гэж тэрбээр нэмж хэлэв.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.