Манай улсад өдөрт 10 гэр бүл албан ёсоор гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн харамсам мэдээ бий. Эв зүйгээ олоод салж байгаа хэсэг байхад эд хөрөнгөө булаалдаж, эхнэр хүүхдүүдээ хүчирхийлэл дарамтанд байлгадаг нөхөд ч байдаг. Энд өгүүлэх бодит жишээ бол арван жил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл салсан эхнэрээ дарамталж, биеийн болоод сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж буй Б.Билгүүн гэгч этгээд юм. Харамсалтай нь гэр бүл байсан гэдэг шалтгаанаар, тэрээр удаа дараа эрүүгийн ноцтой хэрэг үйлдчихээд ямар нэгэн ял эдлэхгүй, хуулийн цоорхойг ашиглаж яваа юм. Түүний хамгийн сүүлд үйлдсэн нэгэн хэргийг сануулахад, Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Э.У-гийн гэрт өнгөрсөн сарын 23-ны өдөр хаалга үүдийг нь эвдлэн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн, гэрээс нь эд хогшлыг нь хулгайлан авсан балмад хэрэг гарчээ. Хамаг эд хогшлоо хулгайд алдсан Э.У цагдаагийн байгууллагад дуудлага өгч, хэргийн газарт ажилласан шинжээчдийн баг нийтдээ 6 хүний хурууны хээг олж илрүүлэн, энэ хэрэгт бүлэглэн оролцсон болохыг тогтоожээ. Улмаар мөрдөн байцаах ажиллагаагаар 10 жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан нөхөр Б.Билгүүн нь бусадтай бүлэглэн, хулгайлан ачиж явсан болохыг нотлов. Б.Билгүүн нь эхнэр Э.У-гаас 10 жилийн өмнө гэр бүлээ цуцлуулахдаа шүүх танхимд ямар нэгэн өмчийн маргаангүй хэмээн хэлж, охиноо асран хамгаалах эрхийг эхнэр Э.У-д өгсөн байна. Хохирогч Э.У-ийн гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баттогтох 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзжээ. Иймд хохирогч Э.У нь тус дүүргийн Прокурорын газарт гомдол гаргасан байна. Гэтэл Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Нямсүрэн нь хохирогч Э.У-д өгсөн хариу мэдэгдэх хуудсан дээрээ “...Тухайн эд зүйлийг таны салсан нөхөр Б.Билгүүн “Панда” ачилтын компанийг хөлслөн авч явсан болох нь мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдсон. Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд оногдох хэсгийг тодорхойлох талаар гаргасан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэсний дагуу орон сууцанд байх гэрийн эд хөрөнгийг хэн авах эсэх маргааныг иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ үү. Иймд таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байна” гэсэн хариу өгчээ. Харин энэ нь хууль зүйн хувьд хэр бодит шийдвэр болохыг хуульч, өмгөөлөгч нараас байр суурийг нь сонирхъё.
Өмгөөлөгч Т.Хонгор:
-Яг энэ кейс дээр хэлэхэд, хамт амьдарч байсан ч 10 жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулсан мөртлөө тухайн иргэний орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтрэн орсон байна. Тэгэхээр энэ гэрт нь нэвтрэн орсноосоо авахуулаад хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тухайн байранд үүд хаалгыг нь түлхүүр тааруулж орсон байна уу, эвдэж орсон байна уу гэдгээсээ эхлээд хуулийн нэр томьёо яригдана. Мөн эд хогшлыг нь эвдэлж авч явсан байна уу, бүлэглэн авч явсан уу гэдгийг ч мөрдөн байцаагч нарийн тогтоож, хэргийн зүйл заалт нь өөрчлөгдөнө. Энэ бол цэвэр хулгайн гэмт хэрэг. Тэр тусмаа хоёр ба түүнээс дээш хүн оролцсон бол бүлэг хулгайн гэмт хэрэг болж, зүйлчлэл нь хүндрээд явчихна. Энэхүү хэргээс харахад, портер машинаар ачаад явсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон учир яах аргагүй бүлэг хулгайн гэмт хэрэг. Хэн ямар байдлаар оролцсоноосоо шалтгаалж, хэргийн хамжигч, хатгагч, захиалагч, гүйцэтгэгч байхаасаа шалтгаалж, тохирох ял шийтгэлийг нь онооно. Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар, хулгайлах гэмт хэргийг “Бусдын эд хөрөнгөнд зөвшөөрөлгүй авахыг хулгайн гэмт хэрэг” гэж заасан байгаа. Гэхдээ тэрхүү эд хөрөнгийг авахдаа хүч хэрэглэсэн бол дээрэм болно. Энэ мэтчилэн хуулийн зүйл заалт чинь нарийн. Гэтэл манай хуульчид ингэж ялгаж, салгахыг боддоггүй. Тэдний өмнө нь 10 жилийн өмнө гэр бүл байсан эсэхээс үл хамаарч, хүний орон байранд зөвшөөрөлгүй халдана гэдэг чинь өөрөө Эрүүгийн гэмт хэрэг. Гэтэл гэр бүл байсан гэдгээр нь шалтаглаж, Иргэний хэргээр шийдвэрлэх ёстой гэж шийдвэр гаргаж байгаа нь өрөөсгөл. Хулгайн замаар эд хогшлоо алдчихаад байхад яагаад гэр бүл байсан гэдгээр нь шалтаглаж, иргэний хэргээр шийдвэрлэж байгааг хохирогч эсэргүүцэх бүрэн эрхтэй. Мөрдөн байцаагч нь үл тоосон байна, хяналтын прокурор нь хэрэг гэж хүлээж аваагүй байна. Энэ бол цэвэр хулгайн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хэргээр шийдвэрлэгдэнэ.
Хуульч Б.Батцогт:
-Ийм хэрэг гэр бүлээ цуцлуулсан иргэдийн дунд түгээмэл тохиолддог. Манай хуулийнхан ч энэ асуудлыг хохирогчийг хамгаалах гэхээсээ илүүтэй ерөнхийд нь гэр бүлийн хэрэг гэж үзээд Иргэний хэргээр шийдвэрлэхийг амарчилдаг. Үнэндээ энэ бол эрүүгийн ноцтой гэмт хэрэг. Арван жилийн өмнө салсан, арав хоногийн өмнө салсан ч бай сэтгэл санаа болон шууд бусаар хүчирхийлэл үйлдэх нь өөрөө гэмт хэрэг. Яг энэ жишээнээс харахад, тухайн орон байр хэний өмчлөлд байх нь чухал биш. Өнөөдөр тэр орон сууцанд хэн амьдарч байна, тэр эд хогшлыг хэн эзэмшиж байна гэдгээр өмчлөлийн асуудлыг авч үзэх ёстой. Бусдын эзэмшил, орон байранд зөвшөөрөлгүй дур мэдэн нэвтэрнэ гэдэг хулгайн гэмт хэрэг. Тэр тусмаа тухайн үед цоожтой байранд хууль бусаар нэвтэрч, хулгай хийнэ гэдэг орон байрны хулгайн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 145,2 дахь хэсэгт “Орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга түгжээг эвдэх, цуургыг сугалах аргаар нэвтрэн орохыг ойлгоно гэж тодорхой заасан байгаа. Мөн 145,3-д “Хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан” гэдэг ойлголт бий. Энэ нь хулгайлсан зүйлийн хэмжээ үнээр бус, хохирогчийн амьдралд уг зүйлийн гүйцэтгэж байсан эдийн засгийн ач холбогдлыг шалган тогтоосон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүгчээс өгөх үнэлэмжээр тодорхойлогдоно гэж заасан байгаа. Харин энэхүү жишээнээс харахад, гэр бүл байсан гэдгээр халхавчлан дээрх хэргийг мөрдөн байцаагч ч, хяналтын прокурор ч хуулийн дагуу, хохирогчийг хамгаалах талаар огт ажиллаагүй байна. Энэ бол гэр бүл байсан эсэхтэй огт хамааралгүй, бусдын орон байранд нэвтэрч, бүлэглэн хулгайлсан эрүүгийн ноцтой хэрэг. Энэ гэмт хэргийг бүлэглэж, урьчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж үйлдсэн бол 2-5 жилийн хорих ялаар шийтгэх ёстой. Хэргээс харахад, нүүлгэлтийн компанийг хөлслөн ирсэн ч хаалга, үүд эвдээд ороход нь хараад зогсч байснаараа, эд хогшлыг хамтран зөөлцсөнөөрөө ч хуулийн хариуцлага хүлээнэ. Ингэхийн тулд эхлээд хэргийн газар очсон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч зөв ажиллах ёстой байлаа. Гэр бүл байсан гэдгээр шалтаг гаргаж, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ гэж байгаа нь ч өөрөө хууль зөрчсөн гэмт хэрэг. Илтэд бүлэглэн орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдчихээд байхад иргэний хэргээр шийдүүл гэж шийдвэр гаргаж байгаа хяналтын прокурор Д.Нямсүрэн ч хууль зүйн хувьд алдаа гаргасан байна. Дээрх иргэдийн хувьд 10 жилийн өмнө хэн хэнийхээ өмнө хуулийн хариуцлага хүлээхгүйг баталж, гэр бүлээ цуцлуулсан байхад энэ шийдвэрийг хэрэгсэхгүй, одоо ч гэсэн гэр бүл байгаа мэтээр төсөөлж, шийдвэр гаргасан нь прокурорын хувьд ноцтой алдаа гэж үзэж байна.
Хуульч Б.Өлзийжаргал:
Эх сурвалж: Tumen.mn
24news.mn