Эдийн засгийн салбаруудыг Кластер хэлбэрээр зохион байгуулж, экспорт, худалдааг дэмжсэнээр уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлж, нэг тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин 2021 оны нэгдүгээр сард мэдэгдсэн. Үүний дараахан “Кластер дээр суурилсан уул уурхайн бус экспортын тогтолцоог бий болгох” зорилтын хүрээнд МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр самрын Кластер байгуулагдлаа.
Монголын экспортын Кластерийн сүлжээ байгууллагад нэгдсэн “Монголын Самрын үүнийгээ уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнийг бий болгох, Монголын хушин ойн эко системийн тогтвортой байдлыг тэтгэх, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, хуш модны самрын бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой гэж зарласан боловч өнөөдрийг хүртэл энэ төрлийн экспортыг хааж, ААН-үүдэд байнга дарамт үзүүлсээр одоогийн байдлаар 40 сая ам.долларын экспортын орлогыг “амжилттай түгжчихээд” байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа, 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинд хандан “МҮХАҮТ нь улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэн, ААН, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдааг хөгжүүлэх өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх тус байгууллагын үндсэн зорилго, хуулийн үүргийг нь сануулж хуулиа мөрдөж ажиллахгүй бол танхимыг татан буулгах хүртэл зохицуулалттайг анхааруулсан байдаг юм. Энэ нь ч цаанаа учиртай. Юу гэвэл, МҮХАҮТ нь “Экспортолж буй самрын идээний 1 кг тутамд 3000 төгрөг төлөх, гарал үүслийн гэрчилгээ олгохдоо 1 кг тутамд 10 юанийн хураамж төлөх шийдвэртэй холбогдуулан МҮХАҮТ-ийн орлого юунаас бүрдэхийг ямар хуулийн аль заалтад дурдсаныг, төлбөр тооцоог юаниар биш төгрөгөөр хийх ёстой хуулийн заалтуудыг Засгийн газар нь МҮХАҮТ-д “зааж сануулах”-д хүрсэн хэрэг. Үүнд нь самрын бизнес эрхлэгчид “Браво” гэсэн.
Гэтэл ойрын өдрүүдэд самрын бизнес эрхлэгчид дахиад МҮХАҮТ-ын “террор”-т өртөж эхлэв. Энэ нь юу вэ гэвэл дахиад л “зөвшөөрөл олгох, хатуухан хэлэхэд зөвшөөрөл зарах хүсэл”-дээ автаж “Хуш модны самрын боловсруулсан идээг гадаадад гаргах зөвшөөрөл олгох үүргийг МҮХАҮТ-д шилжүүлэхээр санаархаж, үүнийгээ самрын экспортын үйл ажиллагааг шуурхай түргэн болгох гэсэн мэтээр тайлбарлаж улмаар БОАЖЯ-аар уламжлуулан Засгийн газраар зөвшөөрүүлэх оролдлого хийж эхэлсний “төсөл” нь энд байна. Харин азаар буюу ХЗДХЯ-ны хуулийн зүйл, заалт бүрийн цоорхойг анддаггүй, алддаггүйн хүчинд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын гарын үсэгтэй удаа дараагийн хариу бичгээр “хазаарлагдаад” байгаа юм. Өөрөөр хэлбэл, мөн л цагаан дээр хараар бичсэн хуулийн зүйл, заалтуудыг сануулж “Хуш модны самрын боловсруулсан идээг гадаадад гаргах зөвшөөрөл олгох үүргийг шилжүүлэх” асуудлаар тусгайлан олгосон заалт байхгүй тул БОАЖ-ын сайдаас ирүүлсэн тогтоолын төслийг дэмжих боломжгүй” гэх тасхийсэн хариу өгсөн байна. Хэрэв ХЗДХЯ, тус салбарын сайд энэхүү ТУСГАЙ эрхийг МҮХАҮТ-д олгосон бол экспортын хэмжээ одоогийн гацсанаасаа ч удаан хугацаагаар буюу 10 жилээр МҮХАҮТ-ынхны гарт л орох байв.
Дотоодын ААН-үүд ийнхүү төрдөө татвар төлж, экспортод бүтээгдэхүүнээ гаргахын тулд төрийн байгууллага болон МҮХАҮТ-ын холбогдох дарга нарын “шидсэн чулуу” мэт гараас гар дамжин дарамт, чирэгдэлтэй тулгарч, арга эвийг нь олох гэж явахад гадаадын хөрөнгө оруулалттай “Арвин ачит” гэгч компани самрын боловсруулсан идээгээ ковидын үед ч огт сааталгүйгээр, тасралтгүй хилээр гаргасаар байгааг баримтууд харуулж байна. Тухайлбал, Байгалийн ургамлын тухай хуулийн 17-р зүйлд “Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгалийн ургамлыг аливаа зориулалтаар түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг хориглосон байдаг. Гэтэл Монголын олон ААН-д зөвшөөрөхгүй байгаа зөвшөөрлөө яагаад тус компанид өгсөн, тэр ч байтугай гаалиар чингэлгээр гарсан мэдээллүүд нь сангаас устгагдчихаад байгаа нь сонирхолтой бөгөөд ноцтой.
Иймд Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө бүхий, экспортын орлогод бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн хуш модны самрын боловсруулсан идээг экспортлох зөвшөөрлийг хуулийг мушгин гуйвуулж өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэхээр оролдлого хийж самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хэлмэгдүүлж төөрөгдүүлсэн МҮХАҮТ-ын элдэв хураамж “зохиож” шаардсан асуудлыг буруутгаж бизнес эрхлэгчдэд ээлтэй зөв зүйтэй хариулт өгсөн Л.Оюун-Эрдэнэ Танаас Ерөнхий сайдаар ажиллаж буй энэ цаг үед өмнөх байр суурин дээрээ хатуу зогсож тэдний “террор”-оос үйлдвэрлэгчид, бизнесийнхнээ хамгаална гэж найдаж байна. Мөн тэдний дараагийн “террор” болох экспортын зөвшөөрөл олгох үүргийг өөрсдөдөө шилжүүлж хууль гуйвуулахаар “барьцаа ахиулж” байгаа үйлдлийг нь ХЗДХ-ийн сайдын таслан зогсоосон зөв шийдвэрт үндэслэн хэрхэвч олгож болохгүй шүү. Тэднийг гоё үгээр халхавчилж “ятгах тусам нягталж” асуудалд хандаж бизнес эрхлэгчдээ дэмжинэ, МҮХАТ-ын гацаагаад байгаа 40 сая ам.долларын үнэ бүхий самрын идээг экспортлоход түлхэц үзүүлнэ гэдэгт гүнээ итгэж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
24news.mn