Нүүрсний хулгайчдын нэрсийг олон нийтэд ил тод зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж байна. Иргэдийн жагсаал эрчээ авахтай зэрэгцэн нүүрсний хулгайч нарын турхиралт газар авч, жагсаалын “гал”-ыг өөр зүгт чиглүүлэхийг хичээх болов. Тодруулбал, нүүрсний хулгайчидтай тэмцэх жагсаал дундаасаа “Засгийн газар огцор” хэмээн уриа лоозонгоо солих нь тэр. Юуны учир ингэв.
Нүүрсний хулгайн талаар анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүгэл үлээж, түүний тэргүүлсэн Засгийн газар нүүрсний хулгайг илрүүлэх чиглэлээр эрчимтэй ажилласаар байна “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайчдын хөлийг дөнгөлж, хяналтыг чангатгасан хэрэг. Энэ нь мэдээж олон хүнд таалагдахгүй. Тиймээс ч жагсаалыг зорилгоос нь хазайлгаж, иргэдийг турхирч Засгийг унагахаар санаархаж буй нь энэ юм. Гэвч иргэд хэрсүү болсон нь ажиглагдана. Арга ч үгүй биз 30 гаруй жил улс төрийн жүжиг, захиалгат жагсаал үзэж харж байгаа хүмүүс.
Ямартай ч нүүрсний хулгайчдын занганд орж, Засгийн газрыг огцруулж болохгүй гэдгийг улс төр сонирхогчид, олны танил эрхмүүд хэлж байна.
Тухайлбал, "Лантуун Дохио" ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан “Засаг огцруулахтай бол хэзээ ч санал нийлэхгүй. Тэгвэл хэн ч хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Бөөрөнхийлөөд байлгүй шүгэл үлээсэн юм бол. Хулгайчаа барь. Хариуцлагаа хүлээлгэ. Жапак биш тулаа барь” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Тэгвэл дуучин, улстөрч “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү “…Маш эрүүл эхлэж бсан жагсаал захиалгатай болчихлоо. Юун засаг төр огцруулах вэ . Одоо эхлээд наад нүүрсний хулгайтай л тэмцээч. Профайлаа бол харлуулахгүй, харлуулсан болгон худлаа болдог жамтай” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Харин "койн" хэмээх О.Мөнхжин "Засгийн газар огцруулах болгоод байгаа нь нөгөө талын ашиг сонирхол, зохион байгуулалтаас зайлшгүй! Засаг огцорвол жинхэнэ хулгайчдад боломж олдоно. Засаг солигдоно, сандал суудал гэсээр зун болно. Тэгээд сонгууль гээд замхарна…" гэсэн бол Б.Болдсайхан эмч “Нүүрсний хулгайчид, Хөгжлийн банкны луйварчид нийлж төрийн эргэлт хийж, албан ёсны хулгайч дээрэмчидийн төрийг Монголд тулгах гэж байгаа юм уу?” хэмээн “ам асуужээ”.
Мөн Иргэн Б.Батзаяа “Хөлбөмбөгөөр бол 31 минут (жил) шал худлаа хувийн тоглолт үзлээ шүү дээ, хэдүүлээ. Монгол Улс хаалгандаа хэдэн ч гоол алдав даа. Худалдагдсан тоглогчид, хахууль авсан шүүгчид л талбай дээр байлаа. Оюун-Эрдэнэ сэлгээгээр орж ирээд хаалттай цохилт, ганц нэг булангийн цохилт авч ирж байна. Монголын шигшээд сүүлийн хэдэн жил ийм довтлох чиглэлийн хагас хамгаалагч (ерөнхий сайд) байсан уу?” гэжээ.
Тэд чамгүй сайн ажиллаж байгаа Засгийн газар огцруулснаар нүүрсний хулгайн хэрэг бүдгэрч, олон хоногийн жагсаал үр дүнгүй болно гэдгийг онцолжээ. Харин Засгийн газарт тууштай байж, эхлүүлсэн ажлаа дуусгах ёстойг сануулж байна.
Иргэдийн байр суурь
24news.mn