2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Дэд сайд Л.Халтар, түүний гэргий Ц.Ганзул нарыг АТГ-т шалгуулах хүсэлт өгөв

Иргэн Ж.Энхбат төмөр замын ачаа тээврийн хулгайн асуудлыг ил болгохоор АТГ-т гомдол гаргалаа. Тэрбээр АТГ-т гомдол гаргах болсон шалтгаанаа “Нэгдүгээрт, эдийн засаг хүндэрч иргэд “Атар” талхаа таллан худалдаж авч байхад ачаа тээврийн гол эргэлтийг хийдэг төмөр замд хулгай нүүрлэчихлээ. АТГ Хөгжлийн банк, нүүрсний хулгайгаас эхлээд төмөр замын салбарын нэг хүний гэрээс 7.4 тэрбум төгрөг бүх төрлийн валют хэлбэрээр илрүүлж, тухайн иргэнийг саатуулсан. Харамсалтай нь хуулийн байгууллагад шалгагдах ёстой жинхэнэ мафийн эзэд нь шалгагдахгүй байна. С.Батдөлийн хамаарал бүхий төмөр зам тойрсон төмөр замын тээврийн хуваарь баталдаг, нүүрс тээврийг зохион байгуулдаг хүмүүсийг нь хууль хяналтынхан шалгахгүй байна. Үүнийг даруй шалгах ёстой. Хоёрдугаарт, Монгол Улсад бүртгэлтэй нүүрс, жонш, төмрийн хүдэр зэрэг олон тооны ачаа тээвэрлэдэг 1300 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэднээс 20 гаруй компани нь тээвэр өөрийн вагонтой. Хувьдаа вагонтой эдгээр компаниудаа төмөр замынхан маш их дарамталж, хавчдаг. Тэд ачаа тээврийн хуваарь гаргахдаа хувьдаа вагонтой компаниудыг сард хоёр удаа ачаа тээвэрлэх хуваарь баталдаг. Хоёроос илүү гаргамаар байна гэхээр 45 хоногт нэг удаа гаргах хуваарьт оруулна шүү гэж айлгаж, сүрдүүлдэг. Танайхаар ачаа тээвэр хийлгэхгүй гэж дарамталдаг. Энэ схемийг санаачилсан, зохиосон, боловсруулсан, хувийн вагон дээрэмддэг хүмүүсийг олж эрхийг шилжүүлсэн төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эдгээрийг санал болгосон. 22.10-т заасан нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй зэрэг гэмт хэргийн шинж агуулагдаж байгаа гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг мэдээлэх эрхийнхээ дагуу Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан одоо Дэд сайд Л.Халтарын гэр бүлийн хүн болох Ц.Ганзул нарт гомдол гаргаж авлига, албан тушаалын хэргээр шалгуулахаар өгч байна. Мөн Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Баярхүүг хуулийн хоёр зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөрч.мн сайт дээр 2020.01.03-ны өдөр Б.Баярхүү болон Мэндбаяр гэгч нар нийлж байлдааны галт зэвсэг 2000 ширхэгийг борлуулж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан газар дээр нь баривчилж зэвсгийг хурааж авсан. Галт зэвсэг зарж байгаад баригдсан хүн Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн даргаар яагаад ажиллаад юм бэ. Түүнчлэн Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулиа зөрчин тэтгэврийн насанд хүрчихээд Үйлдвэрчний эвлэлийн дарга хийгээд явж байна. Б.Баярхүүг төмөр замын мафитай холбоотой гэж иргэн хүний хувьд хардаж байгаа. 7.4 тэрбумд нэр холбогдсон С.Батдөлийн гар хөл болсон хүмүүсийг шалгуулмаар байна. Зам тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, түүний гэргий Ц.Ганзул, төмөр замын ачаа тээврийн хуваарь баталдаг хүмүүсийг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа юм. Монгол Улсад учруулсан хохирлыг нь төлүүлж, баривчлах ёстой” гэлээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.