Жил бүр 7 сая гаруй хүн тамхинаас үүдэлтэй шалтгаанаар цагаас эрт, жам бусаар нас барж байгаа бөгөөд энэ нь улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхаарууллаа.
Өнөөдөр болж буй Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд "ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхийн тулд тамхины хяналтын талаар хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэх"-ийг засгийн газруудад уриалсан байна.
ДЭМБ "тамхи бол хөгжил дэвшлийн дайсан мөн" гэж тодорхойлсон юм. Олон хүний амь насанд заналхийлээд зогсохгүй жилд 1.4 их наяд доллар буюу дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 1.8 хувийг тамхинд зарцуулж байна. Энэ тоонд зөвхөн эмчилгээнд зарцуулсан зардал болон ажиллах хүчний алдагдлыг оруулан тооцсон" гэж ДЭМБ мэдэгдлээ.
Тамхины улмаас нас барж байгаа хүмүүсийн тоо улам өссөөр байгаа бөгөөд тэдний ихэнх нь удаан хугацаанд тамхи татсан хүмүүс байгаа юм. Тийм учраас тамхидалтыг хянах арга хэмжээг үр дүнтэй болгохын тулд их цаг хугацаа шаардагдана. Тамхинаас болж цаг бусаар нас барж байгаагаас гадна олон сая хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр шаналж, тахир дутуу болж, сохорч, эрхтнээ тайруулж, бэлгийн сулралтай болж, амны хөндийн өвчин тусч байгаа юм.
Хүүхдүүд, өсвөр насныхны дунд тамхинд донтох явдал газар авч байгаа тул тамхитай тэмцэхийн тулд юуны түрүүнд тамхи татдаг залуучуудын тоог цөөрүүлэх нь зүйтэй гэж ДЭМБ-ын тамхины хяналтыг хариуцсан нарийн бичгийн дарга Эндрю Блэк хэллээ. Залуус руу чиглэсэн тамхи үйлдвэрлэгчдийн зар сурталчилгаа, элдэв хөнгөлөлт урамшууллыг зогсоох ёстой. Тамхи нь нийгэм дэх тэгш бус байдлыг улам лавшруулж, ядуурлын гол шалтгаан нь болж байна гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
2030 он гэхэд тамхины улмаас амиа алдсан хүмүүсийн 80 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудын иргэд байх ажээ. Тамхи үйлдвэрлэгчдийн явуулж буй бодлогын улмаас тамхины хэрэглээ улам өсч, үүний уршгаар 2010-2030 он хүртэлх хугацаанд бага болон дундаж орлоготой улс орнуудад тамхинаас үүдэлтэй нас баралтын тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.
24news.mn