2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
АНУ Сири дэх Курдын хүчнийхэн зэвсэг нийлүүлжээ

Сирид “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа Курдын хүчнийхэнд АНУ зэвсэг нийлүүлж эхэлжээ.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хошууч Адриан Ранкин-Галлоуэй өчигдөр мэдэгдэл хийхдээ “Курдын журамт цэргүүд АНУ-ын армийн илгээсэн жижиг зэвсгүүд болон цэргийн тээврийн хэрэгслүүдийг хүлээж авсан” гэжээ.

“Лалын улс” бүлэглэлийнхнийг Сири дэх гол түшиц газраас нь буюу Ракка хотоос хөөн гаргахад туслах зорилгоор Курдын цэргүүдэд зэвсэг нийлүүлж байгаа аж.

Курдын Ардыг хамгаалах армийн дайчдад зэвсэг нийлүүлэх зөвшөөрлийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр Пентагонд өгсөн юм. Ийм зөвшөөрөл өгснийг Турк эрс зэмлэн буруушааж байсан билээ.

Турк нь Курдын дайчдыг “террористууд” гэж тодорхойлоод “Сирийн газар нутагт курдууд хяналтаа тогтоохыг зогсоох хэрэгтэй” гэсэн юм. АНУ-ын нийлүүлсэн зэвсгүүд эцэстээ “Курдын ажилчны нам” босогчдын бүлэглэлийн гарт орно гэж Анкара түгшиж байна. Туркийн эрх баригчид санаа зовниж байгаатай холбоотойгоор Пентагон өмнө нь мэдэгдэл хийхдээ “Турк улс яагаад түгшиж байгааг ойлгож байна. АНУ НАТО-гийн холбоотноо хэзээд хамгаалах болно” гэсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, америкчууд АК-47 болон бага калибрын автомат буунуудыг Курдын цэргүүдэд өгчээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.