Энэ сарын 5-ны өдөр 22 настай залуу бүсгүй амиа хорлосон эмгэнэлт хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, 1995 онд төрсөн, 22 настай бүсгүй захиралдаа зодуулсан гэх өргөдөл Цагдаад өгсөн ч байшингийн дээвэр дээрээс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлсэн. Тэгвэл талийгаач охин амиа хорлоогүй хэмээн ар гэрийнхэн нь үзэж буйгаа мэдэгдлээ.
Талийгаач охины ээж өөрийн фэйсбүүк хуудсандаа “Энэ талаар эрэн сурвалжлах хийх хүн байна уу...Яг яахаа, хаана хандахаа, хэнд гомдохоо мэдэхгүй байна. Хорин хоёр настай охины сүүлчийн хүсэл нь юу байсныг ч сонсож амжсангүй. Миний амжаагүй, түүндээ хийж өгөөгүй бүхэн юу ч биш. Тэр минь гэрлэж, ээж болж, үр ачаа харж чадсангүй. Хорин хоёр давхар дээрээс хийсэн одож үлдэж хоцорсон ах дүү, найз нөхдийнхөө сэтгэл зүрхийг өмлөөд энэ хорвоогоос үүрд буцлаа.
Өөрөөсөө өндөр цонх өөд ганцхан харайгаад /өлмийнх нь мөр хананд үлджээ/ агаарын тамирчин шиг өөр ул мөргүйгээр үүрсэн цүнхтэйгээ нисчихлээ. Энгийн нэгэн амиа хорлолт болж харагдуулах бүхнийг хийсэн ч, хана зуурч тэмцсэн хумс хурууны ормыг мартсан бололтой. Маргааш тэр хананы сорви байхгүй ч байж мэднэ. “Надад хууль үйлчлэхгүй, чи цагдаад өргөдөл өгөөд нэмэргүй” гэж суусан хормойн донтой Сохо Мебель ХХК –ийн захиралыг би хардаж байна.
Үнэхээр түүнд хууль үйлчилдэггүй, хүний амь утас таслахын төдийд хийсэн оддог юм гэж үү. Өөрөөсөө өндөр цонхонд шууд харайж гараад уруугаа харж нисдэг тийм “хорлогч ” байдаггүйг мартсан бололтой. 05 сарын 31-ний өдөр ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд , нүдийг нь хөхөртөл зоджээ. Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь захирлынхаа савраас түүнийг минь “аварч” зугтаалгасан байх юм. Хөх нүдэн охин захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна.
Харин өргөдөл нь алга болчихсон. Баянгол дүүргийн цагдаад өгсөн өргөдлөө өөрөө авсан байна гээд “хүчингийн хэргийг хоохойлсон” тэр өдөр эвий сайхан бүсгүй дүү минь хорвоог орхилоо. Алга болсон өргөдлөө дахин бичиж өгөөд аль нэг тийшээ санд мэнд дуудагдаад...16 давхарт гарчээ. 15 минутын дараа 22 давхраас. Хайран амь. Энэ хэрэг дээр энгийн амиа хорлолт шиг эсвэл обект нь байхгүй хүчингийн хэрэг шиг хандаад хаагдчихвал өөр олон охин ахиад л “хийсэн одох” биз ээ. Ум сайн амгалан болтугай” хэмээн бичжээ. Тэгвэл Цагдаагийн газраас “Энэ сарын 6-ны өдөр хэрэг гарсан. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байгаа. Хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар албаныхан ажиллаж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын явцад явж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Захиралтай нь холбоотой асуудлын тухайд бол Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа” гэсэн мэдээлэл өгчээ.
Эх сурвалж: https://www.facebook.com/sanjsuren.tuvshinjargal
24news.mn