2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Шүүмж дагуулсан шөнийн гудамж

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулав. Гудамжны нээлт өчигдөр /2017.06.08/ болж, олон залуус тэнд цугларсан байлаа.

Гэвч шөнийн гудамжны тохижилт олон нийтэд таалагдаагүй бололтой “Нийслэл хотыг орчин цагийн Метрополис болгоно гэчихээд хэдэн ширхэг гэрэл асдаг кабелийн утас л татаж дээ” гэх шүүмж цахим сүлжээгээр хүчтэй өрнөж байна.

Том хотуудыг дуурайж, "Анхны шөнийн гудамж" хийж байна гэж улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийг ийм байдлаар үрэн таран хийхийн оронд хотын захын гэр хорооллынхоо харанхуй гудамжиндаа хэдэн чийдэн нэмэрлэхгүй яаавдаа гэх нэгэн байна.

Улаанбаатар хотод шөнийн гудамж хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Үүнийг өчигдөр шөнийн гудамжны нээлтэд ирсэн залуусийн цугларалтаас харж болохоор байв. Залуус том талбайд хөлөө жийж суугаад тоглолт үзэж, гартаа  лаазтай пиво барин хөл нүцгэн бүжиглэх европ хэв маягийг дор бүрнээ төсөөлж ирсэн байлаа. Гэвч “Санаа нь зөв ч гүйцэтгэл үнэхээр “Миа”.  Өлгөсөн гэрэл нь баян айлын хаусны гэрлээс долоон дор юм” гэх хүн олон байв.

Гэвч саяхан л цэнгээний газрыг үүрийн дөрвөн цаг хүртэл ажиллуулах үгүй талаар маргалдаж байсан бид өнөөдөр өнийн дурсамжаа сэтгэл зүрхнийхээ хаа нэгтэйгээс эрж хайсан шиг автомашин ирээд шүргэчих вий ч гэж ч болгоомжлох айдасгүй таавар гэлдрүүлж явах гудамжтай болсон нь сайн хэрэг. Анхны юм алдаатай байж болно. Гэвч байгаагүй зүйлийг бий болгож буй нь сайшаалтай.

Бас нэг асуудал нь манайхан амралт зугаалгын газрыг амьжиргааны эх үүсвэр болгодог талтай. Шөнийн гудамжинд худалдаачид ирж шорлог, хуушуураа зараад “шөнийн зах” болгочих вий гэх хүн байна. Тэгвэл Нийслэлээс энэ асуудлыг зохицуулахаар ажиллаж буй аж. Тодорхой хэмжээний жижиг худалдаа эрхлэгчид энэ гудамжинд үйлчилгээ явуулах бөгөөд тэднийг гудамжны төгсгөлд эмх, цэгцтэй байрлуулж ажлуулах юм байна.  Цагдаагийн тусгай хэсэг байрлах тул хулгайч биеэ үнэлэгчид байлгахгүйгээр төлөвлөжээ.

Мөн энэхүү шөнийн гудамжны бүтээн байгуулалтын ажилд залуучууд голлон гар бие оролцож байгаа гэнэ. Дотооддоо үйлдвэрлэж таниулах гэж хичээж байгаа тэдний хүсэл тэмүүлэлийг хүндлээд “Энд шөнийн гудамж бий” гэж хэн нэгнээ уруу татаад алхах талбайтай болсондоо хувьдаа талархаж л сууна.

 

Г.Тэгшсүрэн

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.