ОХУ-ын Буриадын “Абсолют” сүлжээ дэлгүүрийн нээлт “Хүннү Молл” худалдааны төвд цагаан сарын өмнөхөн нээгдсэн. Тодруулбал, 2017 оны хоёрдугаар сарын 10-нд. Орос бараанд “нугасгүй” дуртай Монголын ард түмэнд Буриад явж, орос бараа чирэхийн зовлонгоос ангижирч, Улаан Үдэд зарагдаж байгаа үнээр нь худалдан авалт хийх болсон нь эдийн засаг хийгээд цаг завын хувьд таатай зүйл боллоо хэмээн талархан хүлээж авсан цаг.
Гэвч монголчуудын “Манай бэр ирсэн өдөр шигээ сайхан зантай байгаасай” гэдэг үг амьдралд биеллээ олж, “Абсолют” –ынхан дөрөвхөн сарын дотор тараа таниулж эхлэв.
Дэлхий нийтээрээ хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед чанар, стандартын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн оруулж ирэн жижиглэнгээр худалдаалах болсон байна. Мөн заалны зохион байгуулалт муу, барааны нэр төрөл цөөн, сонголт муу зэргийг онцлон дурдах нь зөв байх.
Үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь ч стандартын бус учраас хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг йогурт, сэндвич, савласан шингэн сүү, хүүхдийн тэжээл, сок зэрэг бүтээгдэхүүнүүд хадгалалтын хугацаа дуусахаасаа өмнө муудсан байдаг тухай иргэд гомдоллон ярих болжээ. Энэ нь тэр хэрээр үндэсний үйлдвэрлэгчдэд хүндээр тусч буй нь мэдээж. Түүнчлэн ТЕГ-аас хэрэгжүүлж байгаа нэмүү өртгийн албан татварын буцаан олголтын тасалбар болох “И” баримт буюу иргэнд олгох баримтыг ТЕГ-т бүртгүүлж баталгаажуулахгүй байгаа нь хууль бус үйлдэл биш гэж үү.
Тодруулбал, бараа бүтээгдэхүүн худалдан авсан кассын баримт нь НӨАТ-ын бар кодтай хэдий ч түүнийг баталгаажуулах гэхээр Аж ахуйн нэгж бүртгүүлэлгүй байна гэх мэдээллийг өгөх болсоор лав хоёр сарын нүүр үзэж буй. Нөгөөтэйгүүр, “Абсолют” сүлжээ дэлгүүрийг Монголын эдийн засагт, монголчуудын өдөр тутмын амьдралд дэм болж байгаа гэж бодохгүй байна.
Учир нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг атлаа Улаан-Үдэд бүртгэлтэй, хувь хүний орлогын албан татвараа Буриадад төлдөг байх жишээний. Тэгээд ч “Абсолют” групп Улаан-Үдийн Хотын зөвлөлийн хамгийн баян гишүүн, бизнесмэн Индира Шагдаровагийн хувийн өмч гэж дуулдсан.
Эрхэмсэг хатагтай 2006 онд “Абсолют” группыг байгуулж, зөвхөн Буриад улсад 20 гаруй дэлгүүртэй Эрхүү, Өвөр Байгальд үйл ажиллагаагаа явуулдаг ОХУ-ын томоохон сүлжээ дэлгүүрийн нэг ажээ. Монголчууд шинэхэн, сонихон зүйлд дуртай. Тэр утгаараа орос хүнсний дэлгүүр буюу “Абсолют” руу цагаан сараас хойш цувсан хэвээр. Наадмын маргаашаас хөнжил гудсаар ачиж аваад хөдөө, орон нутгийг зорьж таарна. Зам зуур, үнэ нь боломжийн гээд “Абсолют”-ыг сонгох дамжиггүй.
Тэр хэрээр орлого нь суга өснө. Гэвч аян замын уртад муудаж, хөгцөрсөн хүнсний бүтээгдэхүүн идэж хэрэглээд эрүүл мэнд, амь насаараа хохирвол хариуцлагыг нь хэн хүлээх билээ. Ингээд бодохоор “Абсолют” монголчуудын найдвартай түнш болж эсэхэд би хувьдаа эргэлзэж эхэлсэн. Уншигч та ч баталгаатай газраас хүнсний бараа бүтээгдэхүүнээ худалдан авч ч эрүүл мэнд, амь насандаа хариуцлагатай хандаарай.
24news.mn