2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Улстөрчид нь гуйлга гуйж, ард түмэн нь “том жерридсээр”...

Монголчууд нэг л их дүнсгэр, хачин гунигтай хаврыг үдэж хөхөөн дуутай золгосон ч магнай нь тэнийх шинжгүй. Цаг агаар ч эгээ л хаврыг санагдуулам таагүй хуйсгануур хэвээр. Хаашаа л харна уур уцаартай, мөнгөний эрэлд гарч, санаагаар унасан хүмүүс. Цалингийн болоод орон сууцны зээл, ломбардын хүүндээ барьцаалагдаж, өглөг авлагатай хүмүүс өөр хоорондоо “Том Жерридэж” байгаа нь өнөөгийн нийгмийн үнэн дүр төрх.

Бараа үйлчилгээгээ борлуулж чадахгүй, гуйлга зээлээр өгсөн нэг нь мөнгөө олж авч чадахгүй, банкуудаас авсан зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа хойшлуулж, чанаргүй зээл өсөх хандлагатай байгаа нь Үндэсний статистикийн тоон баримтаас илхэн байх юм. Иргэдийнх нь дундаж цалингийн хэмжээг сар тутам өсгөх атлаа чанаргүй зээл нэмэгдлээ, худалдан авах чадвар муудлаа гэсэн хоорондоо авцалдаагүй тоон мэдээг Статистикийн байгууллага өчигдөрхөн өглөө.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид ч ломбардад юмаа тавих гэж ирсэн хүнээс айдаг болсон гэнэ. Учир нь тавьсан юмаа эргүүлж авахгүй, бүр 2-3 жилийн турш хугацааг нь сунгуулж байгаа иргэд ч бий гэх. Арга ядаад “Юмаа хурдан хугацаанд авахааргүй шинжтэй байвал “Өнөөдөр мөнгө алга” гээд буцаадаг болжээ. Ингэхгүй бол эргэлтийн хэдэн төгрөг нь түгжигддэг гэнэ лээ.  Харин албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг хэвээрээ. Сонгууль болгоны өмнө бүүр ч гэгээтэй болчихно. Дээр хэлсэнчлэн, ҮСХ-ноос гаргадаг мэдээллээр бол өрхийн орлого өсчээ.

Тэр ч байтугай манай улсын иргэдийн дундаж цалин 959.1 мянган төгрөг гэж байна, өчигдрийн байдлаар. Гэтэл иргэн нь ийм өндөр орлоготой, өрхийн төсвийн орлого нь өөдөө цойлж буй хэр нь улсын төсөв нь байнга алдагдалтай гардаг гажигтай. Уг нь иргэн баян бол улс ч баян баймаарсан.

Улсын төсвийг тэр “өндөр” орлоготой хүмүүсийн татварын мөнгөөр бүрдүүлдэг биз дээ. Харин зарцуулалт, зориулалт энэ тэрийг нь сайн хянаж байхгүй бол манай эрх мэдэлтэй нөхөд яаж л бол яаж бужигнуулах нь тодорхой болчихоод байгаа юм. Тэгээд бас болоогүй ээ, “Чиний тавьсан өрийг дарах гэж би их зовж байна” гэсэн утгатай мэдээлэл хийж байгаад л өмнөхөөсөө давуулаад зээл авна. Авсан зээлээ юунд яаж зарцуулсан бэ гэхээр “Өрөө төлсөн” гэдэг ганцхан хариулттай.

Дарсан гээд байгаа өрийн дүн нь дээшээ өссөн үү гэхээс буурна гэж огт байхгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд бүгдээрээ гадаад айлчлалаар явахдаа энд тэндээс дандаа мөнгө гуйгаастай. Гадны сайтуудаар биднийг “Гуйлгачин Монгол Улс” гэж нэрлэчихээд, өрөвдсөн өнгө аястай нийтлэлийг өглөө, оройгүй л бичиж байх юм, хөөрхий. Хатуухан хэлэхэд, улстөрчид гадагшаа очихдоо “Манай улс хөрөнгө оруулалтыг дэмжих таатай бодлого барина” хэмээн хуурай амлачихаад араас нь “Монголд эдийн засаг хүнд байна. Тийм учраас мөнгө зээлээч.

Тэгвэл босоод ирэх гээд байна” эсвэл ил цагаандаа гарч “Буцалтгүй тусламж үзүүлээч” хэмээн шуудхан тулгах муухай монгол араншинг үзүүлдэг болжээ. Энэ нь тив дэлхийн гутамшиг болж байгааг бодохоор эгэл иргэний хувьд эмзэглэж, бичихээс өөр шид алга. Эрх мэдэл байдагсан бол ингээд шийдээч, хөрөнгө оруулагчдад хоосон найдвар биш нүдэнд харагдаж, гарт баригдахуйц боломж санал болгооч, улстөржилтөөс үүдэж гацсан төслөө урагшаа хөдөлгөөч хэмээн ганц сайн ташуурдахсан.

Даанч тийм боломж нь эгэл иргэн бидэнд хаалттай. Харин эрх мэдэлтнүүдэд хөзөр нь байсан ч нүүдэл хийхээс хойшоо сууж, хөзрөө дэлгэсэн нэгнийгээ улс төрийн зорилгоор барьж хорьдог, буруутган шүүдэг болов. Тэр ч байтугай улсын эдийн засгийн гол багана болсон Төвбанктайгаа тэрсэлдэж, ялын тогтоол үйлдчихээд дөвчигнөж явна, улстөрчид.

Ийм байхад энэ улсад хэн итгэх билээ. Ажил хийсэн нэгнээ адалдаг, хийсэн бүтээснийг нь баллуурддаг, нэгхэн сонгуулийн “жижигхэн” пиарын төлөө Төвбанкаараа туг тахиж орхидог хүмүүст итгэх тэнэг хүн энэ дэлхийд лавтай байхгүй биз ээ. Тиймдээ ч төрийн томчууд нь гуйлгаа гуйдгаараа гуйж, улстөрчдийн сайхан амлалтын эхэнд “хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, улсынхаа эдийн засгийг аварна гэсэн” амлалт мөнхөд хадаастай байх бололтой.

Бүр дампуу гэхэд даанч дэндүү нь “Манай улсын нас залуу, бүл чадалтай, эрүүл саруул, эрхтэн бүтэн иргэдээ танайд “боолын хөдөлмөр” хийлгэмээр байна. Визгүй болгоод өгөөч” хэмээн хэдэн үе дамжуулан гуйж суух юм. Нөгөө улс нь зөвшөөрөхгүй байхад ч гуйгаад л байдаг арчаагүй байдлаасаа төрийн томчууд маань огтхон ч ичихгүй нь гайхалтай шүү. Өр зээл тавих аргаар орж ирж буй мөнгө ч багагүй бартаа саадыг давдаг болсон нь Монгол Улсын нэр хүнд ямархуу хэмжээнд хүрснийг харуулах болов уу. Хамгийн сүүлийн жишээг дурдахад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж суудал дээрээ хэд ч эргэв.

Гэтэл эдийн засгийн өсөлт нь 17.6 хувьд хүрч, алтан жорлонд юу яахаас буцахгүй л аашилж аяглаж байсан тэр цагт санал тавьсан болгон нь сая сая ам.долларыг зүгээр шахуу л өгчихдөг байсныг худлаа гэж хэлэхгүй байлгүй. Харамсалтай нь энэ сайхан цаг ард үлджээ. Гадаадын хөрөнгө оруулагчдын зарим нь хэдийнэ манай дээдсүүдийн муухай монгол араншинг гадарладаг болж, эргэж харахгүйгээр одсон нь тодорхой болов, энэ хугацаанд. Бүр “Монголчууд зээл авахдаа л хөрөнгө оруулагчаа сонссон дүр үзүүлдэг.

Эргэж хараад мартдаг” гэдгийг ч сануулдаг болсон гэнэ лээ, бусаддаа. Харин монголчуудад тоож байгаа ч юм алга. Популистууд нь гудамжиндаа гараад л орилж чарладаг, улс төрийн намууд түүгээр нь тоглолт хийж, ашиг сонирхлын зөрчлөө хамгаалж, хийрхсэн хэвээр. Энэ бүхний эцэст энгийн номхон иргэд хохирч, ард түмэн туйлын ядуу амьдарч байна.

“Хүчит шонхор” захаас жижиглэн нэрээр нохойн хоол худалдан авч хоногийн хоолоо залгуулдаг иргэд ч бий болжээ. Бүр 60 гаруй сая толгой малтай Монголын их буян хаачив гэж дуу алдмаар, булууны ясыг мөнгөө төлөөд авах эрх үгүй. Гэтэл иргэдийн амьдрал ийнхүү туйлдаж, ажилгүй, орлогогүй байгаа нь эрх баригчдад огт хамаагүй бололтой. Уг нь тэднийг  Монголын эдийн засгийг өөд нь татаж, улсаа улс шиг улс болгоно гэж итгэсэндээ ард түмэн сонгосон юм. Харин одоо эдийн засаг хаачив.

Дээрээс нь хүн хүндээ итгэх, хүн ёсны амьд харилцаа хаачив. Бүгд царцаж, зарим нь бүр мөстөж, зогсонги байдалд орсон. Улс төр гэдэг бирд энэ улсыг хүн ардтай нь, хөрөнгө баялагтай нь, газар шороотой нь юутай хээтэй нь залгиж байна. Дэлхийн баячууд, долларын тэрбумтнууд үгээгүй ядуу хоосон амьдрал дундаас босч ирдэг намтар түүх зөндөө бий.

Харин Монголд ийм боломж үгүй. Одоо улс төрийг ч улстөржүүлэх, дотроос нь цэвэрлэх цаг иржээ. Ингэж байж л энэ улсын эдийн засгийг улстөрчид нэртэй бирдийн савраас салгаж, аврах гарц байна. Талхаа таллаж идэж, тарчигхан амьдралтайгаа зуурал­даж байгаа нь зөвхөн бид­ний л буруу. Талхны мөнгөний төлөө төрийн эрх барих нэг удаагийн эрхээ худалдаж, эх оронч гэсэн хийрхлээс үүдэн хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа нь бидний л буруу. Бурууг бусдаас хайж одоо болсон байлтай. Дотоодын хэрүүлээ гадагш дэлгэж суухын оронд эдийн засгаа эмнэлгээс гаргах цаг болсон юм биш үү, улстөрчид өө. Гуйлга гуйж ханасан баймаар. Алийн болгон эдийн засаг сэхээний тасгаас гарч энгийн тасагт шилжлээ гэсэн хоосон чамирхлаар улстөржиж суух билээ.     

Ганчимэг 

Mminfo.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.