АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Беларусь улсын зарим өндөр дээд албан тушаалтнуудын эсрэг авсан хоригийн үйлчлэх хугацааг дахин нэг жилээр сунгажээ. Мягмар гарагт тэрбээр энэ тухай зарлигт гарын үсэг зурж, зохих мэдэгдлийг Конгресст илгээсэн байна.
Хоригийг жил бүр хууль тогтоогчдын зөвшөөрлөөр сунгаж байх талаар Америкийн хуульд тусгасан байдаг.
Зарлигт дурдсаныг үзвэл "Беларусийн Засгийн газрын зарим төлөөлөгчдийн хийж буй үйлдэл нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод туйлын аюултай байна. Тэдгээр хүмүүс Беларусийн ардчилсан үйл явц, тогтолцоог бусниулж байна” гэжээ. Вашингтоны үзэж байгаагаар “улс төрийн хэлмэгдүүлэлт, тухайлбал, хүмүүсийг баривчлах, хүмүүс ор сураггүй алга болох, авлига, улсын өмчийг завшихтай холбоотой хүний эрхийн зөрчил гарсаар байгаа" ажээ.
Беларусийн эсрэг хоригийг анх 2006 оны 6 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш тавьж байжээ. Хоригийн хар жагсаалтад Беларусийн Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсыг аюулаас хамгаалах хорооны дарга /КГБ/, Сонгуулийн төв комиссын дарга, тус улсын телевиз, радиогийн захирал болон бусад хүмүүс орсон байна. Вашингтоны үзэж байгаагаар, Беларусь улсад хүний эрхийн нөхцөл байдал өөрчлөгдөн сайжрахгүй байгаа аж.
24news.mn