2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Н.Түвшинбаяр: Ярьдаг биш хийдэг Ерөнхийлөгчтэй болъё

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Х.Баттулгын иргэд, сонгогчидтой хийх уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэдтэй уулзаж, үгээ хэлж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тосонцэнгэл бол 10 гаруй мянган хүн амтай, Монгол Улсын томоохон гурван сумын нэг. Тиймээс хөгжил дэвшлээрээ үлгэрлэж байгаа тус сумын иргэдтэй зорьж уулзсан юм. Уулзалтад нэр дэвшигчээс гадна УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав үг хэлсэн. Тэрбээр “Манай нэр дэвшигч машинаар, өдөр, шөнөгүй довтолгож, хөдөө орон нутгийн сонгогчид, дэмжигчидтэйгээ уулзаж байгаа. Өнөөдөр 15 дахь аймгийнхаа сонгогчидтой уулзсан. Нэг аймагт нэг л уулзалт хийж байгаа. Харин манай аймгийн иргэдийн хүсэлтийн дагуу Тосонцэнгэл, Их-Уул сумын иргэдтэй уулзахыг зөвшөөрсөн. Завханчууд бид Ардчиллын үнэ цэнийг мэддэг, дэмждэг. Тиймээс энэ удаагийн сонгуулиар завханчууд 100 хувь Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн юм.

Түүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлж, эрх баригчид яаж амласнаасаа ухарсан бэ гэдгийг иргэдэд санууллаа. Мөн  сайд асан Ц.Оюунгэрэл МАН-ын 60 тэрбумын төрийн албаны наймаа хэрхэн болсныг ч Тосонцэнгэлийн иргэдэд тайлбарлаж өгсөн юм. Уулзалтын нэгэн хүндтэй зочин Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр мөн үг хэллээ.

Тэрбээр “Сайн байна уу, тосонцэнгэлчүүд ээ. Хэд хоног баруун аймгуудын нутгаар явж, газар үзэж, ард түмэнтэйгээ уулзаж байна. Сайхан байна. Бид өнөөдөр хариуцлагатай сонголтын өмнө ирлээ гээд яриад байгаа. Монголчууд бид анхны Ерөнхийлөгчөө сонгосноос хойш 24 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд дөрвөн хүн Ерөнхийлөгчөөр ажиллаж, улсаа удирдаж авч явжээ. Тэдгээр хүмүүс Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа юу хийсэн бэ. Хүмүүс янз бүрээр л хариулах байх. Хийсэн, хийгээгүй гээд л хэлнэ. Тэгвэл нэр дэвшигч Халтмаагийн Баттулга гэдэг хүн бол Ерөнхийлөгчийн хийх ёстой зүйлийг аль хэдийнэ хийчихсэн гэж би боддог.

Яагаад гэвэл энэ хүн Монгол Улсаа спортоор дамжуулж дэлхийд таниулсан. Хоёрдугаарт, Монгол Улсыг Чингисийн Монгол гэж дэлхий дахин мэддэг. Тэгвэл тэр Чингисийн Монгол чинь энд байна шүү гэдгийг хэнд ч мэдрүүлж, мэдүүлж чадах Эзэн хааны морьт хөшөөг байгуулсан. 

Улаанбаатар хот өнөөдөр сая хол давсан хүн амтай. Хөдөөнөөс очсон хүн бүр түгжрэл, үнэр танарыг нь гайхдаг. Их ууртай хүмүүс байдаг юм байна гэж ярьдаг. Гэтэл Улаанбаатар хотыг анх байгуулахдаа 400-500 хүн л амьдрах боломжтой байхаар төлөвлөсөн. Гэтэл аль хэдийнэ сая хол давсан хүн амтай болчихсон. Энэ асуудлыг шийдэхээр Майдар хот төслийг санаачлаад, ажлаа эхлүүлээд явж байгаа. Америкийн  Эрх чөлөөний хөшөөнөөс өндөр Майдар бурханыг барих юм. Би энд түүний хийсэн, хийж буй гол гол ажлыг л дурдаж байгаа шүү. Мөн шинэ сум гэж яриад байгаа. Сумын төвийг яаж шинэчилж, хөгжүүлж болдог вэ гэдгийг харуулсан. Өөрөө санаачилж хийсэн. 2008 онд би Тулга захиралтай хамт явж байгаад нэг сумын төв дээр уулзалт хийсэн. Гэтэл тэр сумын 70 жилийн ой болох гэж байсан. Тулга захирал “Энэ сум яаж ойгоо тэмдэглэх юм бол. Ганц ч шинэ байшин алга” хэмээн санаа зовж байсан. Тэгвэл тэр санаа зовж байсан ажлаа хийсэн. Тийм учраас би хэлж ярьдаг биш хийж чаддаг Ерөнхийлөгчтэй болъё. Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийг дэмжээрэй” хэмээн хэллээ.   

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.