Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Архангай аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж төрөлх нутгийнхаа ард иргэдэд хандаж, үг хэлэв.
Тэрбээр “Төрөлх нутгийн ард олон та бүхнийхээ түмэн амгаланг айлтгаж байна. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш гэдэг үг байдаг. Тийм учраас би Монголын өмнө ямар асуудал тулгарч байгаа талаар хэлж, түүнийг хэн шийдэж чадахыг та бүхэнд сануулах гэсэн юм. Сонгуулийн кампанит ажил эхэлснээс хойш мэдээллийн хэрэгслээр гарч буй олон мэдээ мэдээлэл, сурталчилгааг үзсэн. Ингээд өөрийн эрхгүй 1990 оныг санаж байна. 1990 онд мөрөөдөлдөө хөтлөгдсөн, эрч хүчдээ эрчлэгдсэн, эх орон, ард түмэн, Монголынхоо ялалтын төлөө гэсэн сэтгэлтэй залуус Ардчилсан хувьсгал хийж байсан. Тэр үед бидний эсрэг зарим хүмүүсийн хийж байсан гүтгэлэг, гүжир үгнүүд өнөөдөр Ардчилсан нам, нэр дэвшигч Халтмаагийн Баттулга руу чиглэж байна.
Тэр үеийн МАН-ын удирдлага үзэл санаагаа хамгаалж байсан. Ганц хамгаалах зүйл нь тэдний коммунист үзэл санаа байлаа. Гэтэл өнөөдрийн МАН-д үзэл санаа ч алга. Гагцхүү өмчилсөн эрх мэдэл, өнө мөнхөд цөөхүүлээ ялж явахын төлөө л 1990 онд бидэн рүү дайрч байснаас илүү дайрч байгаа. Тийм учраас 1990 оны Ардчилсан хувьсгалын ялалтаас илүү хатуу, чанга тэмцэл өнөөдрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өрнөж байна. Тиймээс цөөн хүнийг ялуулахын тулд зүтгэж байгаа тэдэнтэй бүх Монголын, монголчуудын ялалтын төлөө өрсөлдөж буй Халтмаагийн Баттулгыг та бүхэн дэмжих хэрэгтэй байна, архангайчууд аа. Тэр энэ ялалтыг авчирч чадна.
Энэ хүнд итгэх олон шалтгаан надад бий. Баттулга маань мөрөөдөж чаддаг. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэдэг. Биелүүлж ч чаддаг эр хүн. Энэ бол монгол хүний хамгийн нандин шинж. Энэ хүн бага залуудаа дэлхийн дэвжээнд ялалт байгуулж, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулж явсан. Монголоо ялуулж явсан сайхан залуу. Энэ залуу Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих үед монгол хүн өөрийнхөө хүчээр, оюун билгээр, хөдөлмөр зүтгэлээр баялаг бий болгож чаддаг гэдгийг харуулсан. Мөрөөдөөд, тэмцээд, бүтээж чаддаг хөдөлмөрч хүн. Тийм учраас би Баттулгад итгэж байгаа юм.
Баттулга Монголын жирийн ард түмний төлөө, эх орныхоо хүнсний аюулгүй байдлын төлөө тэмцэж ажилладаг. Түнийгээ ч баталж өгсөн. Үүнийг монгол түмэн, тэр тусмаа манай архангайчууд мэддэг учраас би түүнд итгэдэг юм. Ийм ч учраас Баттулга өрсөлдөгч нарынхаа хараанд хамгийн эрт өртсөн. Тэд АН-ын намаа ч, ард түмнээ ч, улс орноо ч аваад явах чадвартай хүмүүс рүү хамгийн хар муухайгаар дайрч байгаа. Тэд төрийн аппаратыг ашиглаж, хар муухайгаар хэлж, өрсөлдөгчөө нухчин дарах гэсэн атгаг санааг одоо л тас цохихгүй юм бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал алдагдах хамгийн том аюул тулгараад байна. Ийм л эгзэгтэй үе тулж ирлээ. Тиймээс би энэ сонгуулийг 1990 онтой харьцуулж хэлсэн.
1990 онд Монгол ялсан шүү. Одоо ч гэсэн ялах хэрэгтэй. Монгол ялна гэхээр хэнийг ялах гээд байгаа юм гэж өрсөлдөгч нар харлуулж буй. Гадныхны гар хөлж болж, тэдний төлөө ажиллаж, ард түмнийхээ оюун санааг харлуулахын төлөө ажиллаж байгаа бүлэглэлийг ялах гээд байгаа юм. Гадныхан гэхээр сайн хөршүүдээ, тэдний сайн санаат ард иргэдийг яриагүй. Монголд шунасан хэсэг бүлэг хүмүүсийн талаар ярьж байна. Тэднийг бид ганц ч алхам ойртуулж болохгүй.
Би эцэст нь нэг зүйлийг хэлье. 2000 онд МАН УИХ-д 72 суудал авсан. 2001 онд би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Тэнцвэртэй төрийн талаар бас л ярьж байлаа. Миний сонгогчид тэр үед намайг дэмжсэн. Гэвч тэд тэр үед бас л булхай аргаар өөрсдийнхөө Ерөнхийлөгчийг гаргаж ирсэн. 2000-2004 онд УИХ-д нь МАН-ын 72 гишүүн сууж, Ерөнхийлөгч нь бас тэдний намаас гарсан. Харин энэ он жилүүдэд юу бий боллоо. Өнөөдөр Монгол ялах уу, ялагдах уу гэсэн энэ ангалын ирмэг дээр авчрах эхлэлийг тэгэхэд тавьсан. Одоо тэд бас УИХ-д олон суудалтай байна. Одоо Ерөнхийлөгчөө МАН-аас гаргаж ирэхийн төлөө тэмцэж байгаа. Тэгээд “Эвтэй Монгол” гэсэн уриа дэвшүүлээд явж байна.
Эвтэй байна гэдэг нь энэ их эрх мэдлийг атгасан цөөн хэдэн хүмүүс хоорондоо эвтэй байх нь. Идэж уухдаа, ард түмнийг эргүүлж мунхруулахдаа эвтэй байж, цаашаагаа Монголыг цөөн хэдүүлээ л өмчлөх гэж эвтэй байна гэж хэлээд байгаа юм. Агуулга нь ингэж л ойлгогдож байна. Энэ бүхнийг бид цахиур хагалж бутлах ёстой. 2000-2004 онд байсан тэр их эрх мэдлийн хуримтлал юу авчирсан билээ. Тэгвэл одоо 2016-2020 онд дахиад эрх мэдлийн хуримтлал бий болж болохгүй. Тийм учраас АН-аас нэр дэвшигч Баттулга үүнийг засч, Монголын тусгаар тогтнолын төлөө жинхэнэ утгаараа ажиллаж чадна гэж би бодож байна. Тиймээс архангайчууд та бүхэн дэмжээрэй. Монгол ялна, Монголын ялалтыг Халтмаагийн Баттулга авчирна” хэмээн хэллээ.
24news.mn