2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Х.Баянмөнх: Зөв хүний мөрийг түшиж, Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж буйдаа итгэлтэй байна

Монголын сайхан орноо нар зөв тойрч буй Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга үйлдвэрлэлийн хот Дарханд хүрэлцэн ирж, өнөөдөр иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтад нэр дэвшигчээс гадна Дархан-Уул аймгийн АН-ын дарга Г.Гантулга, АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Дархан аварга Х.Баянмөнх нар оролцлоо.

Уулзалтыг нээж Дархан-Уул аймгийн АН-ын дарга Г.Гантулга үг хэлсэн. Тэрбээр нэр дэвшигч  Халтмаагийн Баттулгыг дэмжихийг уриалсан. Мөн ардчиллыг дэмжигч иргэдийн саналыг хуваах зорилгоор С.Ганбаатар гэдэг хүнийг МАХН-аас нэр дэвшүүлсэн гэдгийг ч хэлж, сонгогчдодоо туйлбаралтгүй сонголтоо хийгээрэй хэмээн хэлсэн юм.

Түүний дараа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл үг хэлж, МАН-ынхны 60 тэрбумын авлигын сүлжээтэй холбоотой мэдээллийг дарханчуудад өглөө. Тэрбээр “Өнөөдөр Монголын бүх л телевизээр нэг мэдээллийг огт гаргахгүй байгаа. Ганцхан телевизээр энэ мэдээллийг гаргаж байна. Тэр бол МАН-ын дарга, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явж байгаа Миеэгомбын Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар Улаанбаатар хотын төрийн албыг 60 тэрбумаар зарах асуудал.

Монгол Улсын сайдын албыг тэрбум төгрөгөөр зарахаар тариф тогтоож байгаа юм. Дэд сайдын суудал 500, Төрийн нарийн бичгийн албан тушаал 800 саяын тарифтай болсон. Би сайдаар ажиллаж байсан хүн.    Сайдын цалин сарын нэг сая төгрөг байдаг. Дөрвөн жилд 48 сая төгрөгийн цалин л авна. Гэтэл тэрбум төгрөгөөр сайдын суудал худалдаж авна гэдэг чинь ямар зорилготой байгаа нь тодорхой биз дээ” хэмээн хэлж, тэдний авлигын сүлжээ, төлөвлөгөөг маш нарийн ярьсан юм.

 Түүний дараа Монгол Улсын даяар дурсагдах дархан аварга Х.Баянмөнх Дархан хотын иргэдэд хандаж үг хэллээ. Тэрбээр “Та бүхэн намайг бөх хүн гэдгээр нь сайн таних байх аа. Би одоо 76 настай. Социализмын үеийг биеэр амсч, туулсан. Гэхдээ бас тодорхой хэмжээнд боловсорсон.  Цагтаа МАХН-ын болон ЗХУ-ын коммунист намын түүхийг зааж байсан, эрдмийн зэрэг хамгаалж явсан багш хүн. Тийм учраас би хэдэн зүйлийг хэлье гэж бодсон юм. Би энэ уулзалтад гурван шалтгаанаар оролцож, нэр дэвшигч Баттулгыг дэмжиж байна.

Нэгдүгээрт, би АН-ын анхны гишүүдийн нэг. 20 гаруй жил би Ардчилсан намыг дэмжиж, ардчилсан үзлээр өөрийгөө жолоодож яваа. Монголын алдар цолтой бөхчүүдээс ардчиллыг дэмжсэн анхны хүн би. Одоо гэр орноороо, хүргэн, бэр, ач гуч нийлсэн 42 хүн Ардчиллыг дэмжиж явдаг. Ардчилсан үзлийг дэмжсэнийхээ төлөө би хатуу бэрхийг туулж л байсан. Гэхдээ түүгээрээ би бахархдаг. Үзэл бодлынхоо төлөө тууштай амьдрах шиг сайхан юм байхгүй. Тийм учраас АН-аас Монгол Улсын төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшсэн хүнийг дэмжиж байна.

Хоёрдугаарт, Баттулга нэг ёсондоо миний шавь. Бөх гэдэг агуу их соёлыг эзэмшихийн төлөө зүтгэж явсан. Дэлхийн тавцанд Монгол Улсын алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж явсан бөх хүн. Баттулга дэлхийн аварга болж, Монгол Улсын далбааг мандуулж байсан юм шүү. Түүнээс биш АН, МАН, МАХН-ын тугийг мандуулаагүй.  Ийм л учраас би түүнтэй бөхийн спортоор холбогддог.

Гуравдугаарт, би Баттулгын аав Халтмаа гэдэг хүний мөрийг түшиж, элгэнд нь наалдаж, зүлэг ногоон дэвжээн дээр 30 шахам жил барилдсан. Би Баттулгыг зөвхөн өөрийг нь гэлтгүй эцгийг нь мэддэг хүний хувьд дэмжиж байгаа юм. Халтмаа гуай шударга, үнэнч,  хөдөлмөрч, чийрэг, шуналгүй хүн байсан. Тиймдээ ч би зөв хүний мөрийг түшиж байна даа гэж  бодож явсан. Бөхийн тод ногоон зүлгэн дээр барилдаж явахад хамгийн ойрхон байдаг хүн бол засуул. Миний ээж, гэргий ч тэнд очих эрх байхгүй. Төв аймгийн нэг эмэгтэй “Би Баянмөнхийн гэргий байсан бол барилдаж байхад нь ойрхон очоод байж байна даа” гэж ярьсан юм. Тийм юм байдаггүй байхгүй юу. Хамгийн хэцүү, барилдаж байхдаа яаядаа гэж байхад л түшиг тулгуур болдог нь засуул. Тэр хүнд малгайгаа бариулж байсан.

Тийм учраас би Баттулгыг өөрийг нь төдийгүй эцгийнх нь зан чанарыг мэддэг хүний хувьд дэмжиж байгаа юм. Зөв хүний мөрийг түшиж, Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байгаа гэдэгтээ ч би итгэлтэй байна.

Би ахмад хүний хувьд, бөхийн спортоор насаараа хичээллэсэн Монгол хүн учраас нэг зүйлд маш их санаа зовж байна. Энэ эрх баригчид удахгүй Монгол эх орныхоо газар нутгийг  хадган дээр тавиад хүнд өгчих вий дээ гэж би айж байгаа. Өнөөдөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн гурван хүн байдаг.  Тэр гурван хүн санал нийлж байж шийдвэр гаргадаг. Хоёр нь саналыг дэмжээд, нэг нь дэмжихгүй бол олонхын саналаар шийднэ гэсэн юм байхгүй. Гурвуулаа санал нэгдэж байж шийдвэр гаргана.  Тэгвэл нэг нам Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд суучихвал буруу шийдвэр гаргасан ч дуу нэгтэйгээр зөвшөөрөөд явах болох гээд байна. Тийм болохоор Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгож, төрийг тэнцвэржүүлэх хэрэгтэй” хэмээн хэллээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.