Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн мэтгэлцээн өнөөдөр 21.00 цагаас МҮОНРТ-д болно.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нэг ч удаа мэтгэлцээгүй байгаа юм. Монголын Телевизүүдийн холбооноос өмнө нь хоёр ч удаа мэтгэлцээн товлосон боловч нэр дэвшигчдийн санал зөрөлдсөнөөс шалтгаалан хойшилсон. МАН-ын зүгээс Телевизүүдийн холбооноос зохион байгуулах мэтгэлцээнд орох, АН-ын зүгээс “Монгол HD” телевизээр мэтгэлцэх саналтай байсан бол МАХН-аас аль ч хэвлэл мэдээллийн байгууллагаар мэтгэлцэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлж байсан юм. Мөн нэр дэвшигчид мэтгэлцээн товлосон өдөр хөдөө орон нутагт ажиллаж байгаа зэрэг шалтгаанаар цуцлагдсан.
Энэ удаад буюу сонгуулийн сүүлийн өдөр гурван намын нэр дэвшигчид мэтгэлцээнд орох гэж байна. Шууд мэтгэлцээн 120 минут үргэлжлэх бөгөөд эхний хэсэгт МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчид зөвхөн мөрийн хөтөлбөртэй холбоотой асуултад хариулах бол хоёрдугаар хэсэгт тэдэнд олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн, нэр дэвшигчтэй холбоотой олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж буй болон хувийн чанартай асуултад хариулах боломж олгох юм байна.
24news.mn