Дайны хөлд нэрвэгдээд буй Йемен улсад 5-аас доош насны 1 сая гаруй хүүхэд тураалд ороод байна гэж олон улсын төрийн бус байгууллага лхагва гарагт мэдэгдлээ.
Их Британид төвтэй “Save the Children” ТББ-ын мэдэгдсэнээр, тус улсад хүүхдүүд холер өвчин буюу булчин задрах тахлаар нас барж байна.
Саудын Арави тэргүүтэй олон улсын эвслийн хүчнийхний дэмжлэгтэй Йемений засгийн газар болон лалын шашны шиит урсгалыг шүтэгч “Хусит” бүлэглэлийнхэн хоёр жил гаруйн өмнөөс байлдаж эхэлсэн билээ. Энэ дайн байлдааны улмаас тус улсын 2 сая гаруй иргэн орон гэрээсээ дайжаад байна.
Дайн байлдааны үеэр ус цэвэршүүлэх байгууламжийг сүйтгэсний улмаас эрүүл ахуйн нөхцөл улам муудсанаар тус улсад холерын тархалт хурдацтай газар авч байгаа юм.
Булчин задрах тахал бол бохир ус, хоол хүнсээр дамждаг, цаг агаар дулаарах үед тархалт нь идэвхждэг өвчин юм. Энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Булчин задрах тахал туссан тохиолдолд яаралтай эмчлэх арга хэмжээ авахгүй бол хэдхэн цагийн дотор үхэлд хүргэх аюултай.
НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ мэдэгдсэнээр, энэ оны дөрөвдүгээр сарын 27-ноос хойш холерын халдвар авсан 420 мянга гаруй, холероор нас барсан 2000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.
Тураалд орсон хүүхдүүдийн дархлаа эрс муудсан учир холерын халдвар авсан тохиолдолд нас барах эрсдэл гурав дахин өндөр байна гэж “Save the Children” мэдэгдлээ.
24news.mn