2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Гишүүний бүрэн эрхийг 5 жил болгох хүсэлтэй байна

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг иргэдээр хэлэлцүүлэх шатанд УИХ-ын гишүүнийг 5, Ерөнхийлөгчийг 6 жилээр сонгодог болох шаардлагатай тухай хөндөж байна.

Шилээ даран үргэлжилдэг олон сонгууль нь ажил хийх бололцоо олгодоггүй учраас бүрэн эрхийнх нь хугацааг сунгах нь улс оронд хэрэгтэй гэж үзжээ.

Сонгогчид боловсорсон цагт байж болох л хувилбар. Эл саналыг эрдэмтэн, судлаачид ч дэвшүүлж ирсэн байдаг. Тухайлбал, өнгөрсөн хавар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр анхны зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад хөндөгдөж, УИХ-д зөвлөмж болгон хүргүүлсэн саналд зарим агуулга нь суусан юм.

Зөвлөмжид Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх. Ингэхдээ Ерөнхийлөгчийг улируулан сонгохгүйгээр УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаас /УИХ-ын 76 гишүүн, аймаг, нийслэл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт гишүүнээс бүрдэнэ/ сонгодог болох гэж зааж өгсөн юм. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болсноор энэ их талцал улстөржилт хэрүүл багасч, тэр хэрээр сонгуулийн циклийн давтамж ч холдох сайн талтай.

Гэвч УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа зөвлөмжид заасан дээрх асуудлыг тусгаагүй тул  Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, бүрэн эрхийг нь 6 жил болгох, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг 5 жил болгох зэрэг  санал энэ удаад протколд л тэмдэглэн үлдэх болж байна.

Хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын тухай хуульд Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг тус бүр дөрвөн жил байхаар заасан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ, Ерөнхийлөгчтэй холбоотой дараах заалтуудыг тусгаж өгчээ.

Үүнд:

1/Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Монгол Улсын Ерөнхийлөгч дараахь тохиолдолд Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана:

1/Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн;

2/Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй.

Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

2/Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.”

3/Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.”

4/Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг:

 

            “6.Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батална. Ерөнхий сайдыг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.” гэж тус, тус заажээ.

Иргэдээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр саналыг сонсох үед Ерөнхийлөгчийн зарим эрхийг хязгаарлаж, Засгийн газарт тодорхой эрхийг шилжүүлэх. Ингэхдээ Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг байх эрхтэйгээр зааж өгөх нь илүү чадварлаг Засгийн газарт бүрдүүлэх хөрс нь болно гэж үзэж байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.