2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Удтал хүлээгдсэн төмөр замын шинэчлэлийн асуудлаар ярилцав

Ерөнхийлөгч Х.Баттулга  Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, МТЗ ТӨХК-ийн дэд захирал Б.Эрдэнэбаяр, ЗТХЯ-ны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нарыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын есдүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийх бэлтгэл ажилтай холбогдуулан энэхүү уулзалтыг хийсэн юм.

Уулзалтын хүрээнд УБТЗ-ын удтал хүлээгдсэн шинэчлэлийн асуудлаар санал солилцон ярилцав.

УБТЗ-ын үйл ажиллагааг шинэчлэхэд юуны өмнө 400 сая ам.доллартай тэнцэх 100 тэрбум рублийн зээл хэрэгтэй байгаа бөгөөд үүгээр нэн түрүүнд  467 км гол замыг хүчжүүлэх их засварын ажил, Салхит-Эрдэнэтийн 165 км төмөр замын засвар, Эмээлт-Хоолт, Хонхор орчмын бага радиустай 25 км тахир замыг шулуутгах зэрэг ажил хийх юм байна. Мөн техник хэрэгслийн парк шинэчлэл, цахилгаанжуулалт зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажлын хүрээнд модон дэрүүдийг бетон дэрээр солих, зөрлөг нэмэх, ачаа, сэлгээний зүтгүүрүүд, вагон нэмэх зэрэг олон ажил багтаж байгаа юм.

УБТЗ-д шинэчлэл хийгдэлгүй удааширснаас ачаа тээвэрлэлт саатах, вагоны хомсдолд орох, ачааллаа дийлэхгүй байх зэрэг бэрхшээл учрах болжээ. Иймд одоо байгаа төмөр замын ганц коридороо даруй тордох ёстойг уулзалтын үеэр ярилцлаа.

Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар оролцов.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.