Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2017.08.03/ болж, цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллээр улсын хэмжээнд 150 сум гантай, 50 сум гандуу байна. Ихэнх аймаг хадлан тэжээл бэлтгэх бололцоо тааруу болсон учраас ОХУ-аас 400 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэх гарц хайж буй аж.
Энэ жил 517.4 мянган га-д тариалалт хийснээс үр тариа 391.6 мянган га-д, үүнээс улаанбуудай 367.2 мянган га-д, төмс 14.6 мянган га-д, хүнсний ногоо 7.2 мянган га-д, тосны ургамал 75.9 мянган га-д, тэжээлийн ургамал 25.7 мянган га-д, эмийн ургамал 1.9 мянган га-д, жимс, жимсгэнэ 287.1 га-д тус тус тариалсан.
Нарны хэт их халалт, хур тундасны дутагдлын улмаас бүх бүс нутагт тариалсан таримлын өсөлт саарч удааширснаар үр тариа, улаанбуудайн бутлалт байхгүй, намхан давжаа, жижиг товчин түрүү гарч улмаар нэгжээс хураан авах ургацын хэмжээ эрс буурах магадлалтай. Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац ч мөн ганд өртөж хураан авах ургацын хэмжээ төлөвлөснөөс 20 орчим хувиар буурахаар байна гэж ХХААХҮ-ийн сайд хэллээ.
Хатуу өвөл болохыг анхааруулав
Цаг уур орчны шинжилгээний газрын дэд дарга мэдээлэл хийх үеэрээ хамгийн хатуу өвөл болохоор тооцож, хадлан тэжээлээ хангалттай бэлтгэж, нөөцөлж өвлийн бэлтгэлээ хангах шаардлага байна гэдгийг анхаарууллаа.
Наймдугаар сарын байдлаар цаг агаар эхний арав хоног, дунд арав хоногийн сүүл, сүүлийн арав хоногийн дунд үеэр бороотой байх урьдчилсан төлөв гарчээ.
Түүнчлэн 8 дугаар сарын 1,2 дугаар арав хоногуудын сүүлчээр 2-3 хоногоор ихэнх нутгаар бага зэрэг халах ч гуравдугаар арав хоногийн эхээр уулархаг нутгаар шөнөдөө хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрч болзошгүй аж. Иймээс тариаланчид цаг агаарын төлөв байдалд анхааралтай хандаж ажиллах шаардлагатайг санууллаа.
Хот хоорондын хөдөлгөөнийг зогсоожээ
Арвайхээр- Баянхонгор чиглэлийн улсын чанартай авто замд өнгөрсөн шөнө хүчтэй адар бороо орсны улмаас төмөр бетон гүүрний далан сэтэрчээ. Иймээс дээрх чиглэлийн тээврийн хөдөлгөөнийг зогсоосон байна. Төмөр бетон гүүрний даланг сэргээн засварлахаар Өвөрхангай аймгийн зам арчлалтын компани ажиллаж байна гэж Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат хэллээ.
Хүчтэй аадар борооны улмаас эвдэрсэн зам, гүүр цөөнгүй байна. Тухайлбал, Хяргас нуур Сонгино чиглэлийн хатуу хучилттай авто зам үерт автаж, засах шаардлагатай болсон.
Тээврийн хөдөлгөөнийг хаагаад байсныг саяхнаас нээжээ. Тус авто замыг Увс аймгийн АЗЗА компани ажиллаж, нэг эгнээг нь зассан. Үргэлжлүүлэн дахин нэг эгнээг засаж буй юм.
Увс аймгаас 7 км газарт ширүүн аадар борооны улмаас мөн улсын чанартай авто зам эвдэрсэн. Энэ мэтчилэн байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор гарч байгаа эвдрэл гэмтлийн улмаас хот хоорондын зорчигч тээврийн зарим үйлчилгээ саатаж байгаа гэдгийг тодотголоо.
Үүнээс гадна Элсэн тасархайн гүүр мөн суулт өгч хаахаас аргагүй болсон аж. Одоо 400 орчим км замыг түр нээснээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжоор хангасан.
Тус яамнаас гаргасан тооцоогоор авто замын эвдрэл гэмтлийг засахад 4.7 тэрбум төгрөг шаардлагатай.
Улсын төсөвт суулгасан байсан хөрөнгийг тус яам наадмаас өмнө авто замуудаа сэргээн засахад зориулж, зарцуулсаар дууссан. Одоо ямар ч хөрөнгө, мөнгөгүй болсон. Тиймээс энэ асуудалд Улсын Онцгой комисс анхааралдаа авахыг хүсэв.
Хурлын төгсгөлд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх
-Ургацын урьдчилсан балансыг энэ сарын 18-ны дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах,
-Засгийн газрын 186 дугаар тогтоолоор батлагдсан энэ онд бүрдүүлэх аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд хяналт тавьж, үр дүнг Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулах,
-Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгүүлэх, санхүүгийн хүндрэлтэй байдлыг шийдвэрлэх, дулааны цахилгаан болон дулааны станцуудыг 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэхэд анхаарч, нүүрс татан авалтын ажилд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,
-2017-2018 оны өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах ажлын хүрээнд алслагдмал айл өрх, жирэмсэн эхчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийн судалгааг эртнээс гаргаж, төв, орон нутгийн эмнэлгүүдийн машин, техник, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийн засварын ажлыг дуусгах,
-Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тундас оруулах үйл ажиллагааны явцыг ард иргэдэд сурталчилан таниулах, нэгдсэн ойлголт өгөх зорилгоор телевизийн нэвтрүүлэг хийж мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давтамжтайгаар нэвтрүүлэх,
-2017 оны эхний хагас жилд улсын хэмжээнд тохиолдсон ой, хээрийн гал түймэр, үер, мал, амьтны гоц халдварт өвчин, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгах, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, дайчлагдсан иргэдийн томилолт, урамшууллын зардлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгож, биелэлтийг Улсын онцгой комиссын дараагийн хуралдаанд танилцуулахыг даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
24news.mn