Өчигдөр удаан хүлээлгэсэн УИХ-ын ээлжит бус чуулган ширүүхэн хуралдаж Засгийн газрыг огцроох шийдвэрт хүрлээ. 16.00 цагаас 73 гишүүний ирцтэй хуралдаж 22.00 цагт нийт гишүүний 57.5 хувийн саналаар Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар уналаа.
Дараагийн Ерөнхий сайдыг томилтол хуучин Ерөнхий сайд үүрэгт ажлыг нь түр орлон гүйцэтгэх юм.
Ингээд тус ээлжит бус чуулганд оролцсон УИХ-ын гишүүд Засгийг унагаах тал дээр ямар байр суурьтай байсныг тоймлон хүргэе.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эрх баригчид иргэдийн итгэл найдварыг хөсөрдүүллээ.Төрийн албанд мөнгө төлсөн чадваргүй хүмүүс олноороо томилогдсон нь төрийн албыг үнэгүйдүүллээ. Засгийн газар хууль дээдлэх үндсэн зарчмаа умартсан байна. Намынхаа гишүүдийг тагнаж чагнах гэх мэт 1937 оныг санагдуулам болжээ. Монголын ард түмэн ерөнхийлөгчийн сонгуулиар эрх баригчдад дүнгээ тавьсан. Засгийн газраас удаа дараа агуулгын алдаатай хуулийн төслийг өргөн барьж байсан. Эцэст нь Валютын сан нэрээр татвар нэмж иргэдэд хохиролтой олон шийдвэр гаргасан. Хүүхэд эмэгтэйчүүд ахмадын асуудлыг шийдэхэд төсөв хүрэлцэхгүй хэмээн цааргалж байсан ч эрх баригчид 807.8 тэрбумын өртөг бүхий концессыг танхимынхаа гишүүдэд хуваарилсан. Төрийн сангаас 148 тэрбум төгрөгийг өнгөрсөн сонгуулиар эрх баригчид тараасан. Улс төрийн цэвэр тунгалаг орчныг бий болгохын төлөө тэмцэх ёстой. Эрх мэдэл сандал суудлын төлөө тохиролцсон хөшигний арын бусармаг зүйлтэй АН тууштай тэмцэх болно."
Ё.Баатарбилэг "Өвөл боллоо. Өвлийн бэлтгэл ажил гээд ажил олон байна. Өнгөрсөн жил бид хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгохоор болсондоо огцорч байгаад харамсаж байна. Харамсалтай нь ард түмэн итгэлээ олгоод 65 суудал өгчихөөд байхад АН-тай хамтраад ажиллаж чадаагүйд харамсаж байна. Удахгүй нэг сарын дараа намын бага хурал хуралдах байсан. Төрийг хямрал уруу битгий хөтлөөсэй. Монголын төр хямралд битгий ороосой гэж хүсэж байна. Мэргэн шийдвэр гаргана гэдэгт та бүхэнд итгэж байна."
О.Содбилэг "2016 оны мөрийн хөтөлбөрт хийсэн хамгийн том амлалт бол Засгийн газрыг тогтвортой байлгана гэж ард түмэндээ амлалт өгсөн. Хариуцлага тооцох нь зүйтэй асуудал. Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон УИХ-аас гаргасан тогтоол шийдвэр нь хэрэгжих гээд явж байхад Засгийн газар огцрох гэж буй нь буруу гэж үзэж байна. Манай улстай хамтарч ажиллахаар ирсэн гадаад, дотоодын хамтрагчид буцаад явж байна. Ажлаа аваад нэгхэн жил болж байна. Ямар хүнд хэцүү үед ажиллаж байгаа билээ."
Ж.Батзандан "65 суудалтай эрх баригч нам Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж ирсэн. Хамгийн түрүүнд тагнуулын төв газрын дарга, ЗЕГ-ын даргаа солиорой гэж энэ Засгийн газарт хэлж байсан. УИХ-ын гишүүдийг тагнах, чагнах асуудал хэрээс хэтэрлээ. Эдгээр зүйлсийг жилийн өмнө тодорхой хэлсэн. Өр нэмэхгүй гэсэн өр нэмсэн. Татвар нэмэхгүй гэж гарч ирсэн долоон төрлийн татвар нэмсэн. Тэтгэврийн насыг нэмэхгүй гэсэн нэмсэн. Хүүхдийн мөнгийг хасахгүй гэсэн хассан. Тагнаж, чагнасан гэх асуудал ноцтой асуудал. Шүүхийн шийдвэр гарч байж буруутай нь тогтоогдоно. Эрдэнэтийн 49 хувийг шийдэж өгөөч гэдгийг энэ Засгийн газраас их хүсэж байна. Дубайн гэрээг засаж залруулна гэж орж ирсэн. Хуруугаа ч хөдөлгөхгүй байна. Тавантолгойн асуудал байна. Авилгатай, хулгайтай, дээрэмтэй Засгийн газар ажлаа хийж чадсангүй гэж үзэж байна. 805 тэрбумаар 1000 цэцэрлэг, сургууль барих мөнгө. Хүүхдүүд цэцэрлэг, сургуульгүй байна."
Ж.Бат-Эрдэнэ "Миний бие Засгийн газрыг тогтвортой байлгая гэдэг үзэл бодолтой байгаа. Сайн ажилласан гэж магтахгүй. Эдийн засгийн өсөлт 0-рүү орсон байсан. Өнөөдөр 5.3 болсон байна. Ард иргэдийн амжиргааг дээшлүүлнэ гэж энэ Засгийн газар гарч ирсэн. Ард иргэдэд өгөөж нь очих болохоор энэ Засгийн газар тогтвортой байгаасай гэж бодож байна. Бид нар юу харж байна. Цэцэрлэг, сургууль л харж байна. Жижиг дунд үйлдвэрлэлээ харъя. Энэ бол зөвхөн эсгий таавчиг хийдэг асуудал биш. Дараагийн Засгийн газар гарч ирэхэд эдгээр асуудлаа дахиад жил ярих уу. Хэрэв жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогыг үргэлжлүүлэхгүй гэвэл тэр үед би өөрөө Засгийн газрыг огцруулах өргөдлийг өгнө."
Л.Болд "Ямар ч асуудлыг АН-тай холбож харахаа болимоор байна. Үндэслэлийн хувьд гурван үндэслэл байна.
1. 800 тэрбумын концесс.
2. Хүүхдийн мөнгө хууль бусаар олгосон. Хүүхдийн мөнгийг олгосон учир үүнийг би буруутгахгүй байгаа. Хууль бусаар байсан ч хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгогдоосой.
3. Боловсон хүчний томилолт, сонголтын асуудал. Энэ асуудлыг аль нэг нам танайх, манайх гэхгүй зогсоох хэрэгтэй."
Б.Чойжилсүрэн "Концессийн асуудлыг улстөржүүлж байна. Манай засгийн газрыг байгуулагдахад хоёр концессийн гэрээ байгуулагдсан байсан. Гэхдээ бид үүнийг нь засаад залруулаад аваад явъя гэсэн нь буруудаж байна. Хүүхдийн мөнгийг та бүхний баталснаар олгосон."
Х.Болорчулуун "Манай нам жилийн өмнө 65 суудалтай болсон. Гэвч яг жилийн ойн дээрээ огцрох саналыг манай намын зүгээс гаргалаа. Яагаад гэвэл энэ Засгийн газар буруу ажилласан. Мэргэжлийн Засгийн газрыг байгуулна гэсэн байгуулж чадсангүй. 65 гишүүнээрээ хэлэлцэж, шийдвэр гаргана гэсэн тэгж чадсангүй. Тийм учраас энэ Засгийн газрын зэс нь цухуйж огцрох гэж байна. Долоо хоногийн өмнө цэцэрлэг, сургуульд хүүхдүүд багтахгүй ямар байдалд оров. Бүр УИХ-ын гишүүдэд манай хүүхдийг цэцэрлэг, сургуульд оруулж өгөөч гэсэн мессэж хүртэл ирсэн. Өмнөх Сайханбилэгийн Засгийн газрыг засах байх гэсэн зассангүй. Төр засаг өөрөө өөрийгөө авч явах чадваргүй болсон. ОУВС-ийн мэдэлд орсон."
Ө.Энхтүвшин "Энэ үед уг нь өөр зүйл ярьж байх ёстой. 80 сая малаа яах вэ, хадлан өвс тэжээл юу болж байна, тариа, ургац хураалтаа яах вэ, хоёрхон сарын дараа төлөх өрөө яах вэ гээд ярих байлаа. Энэ асуудал бол цагаа олоогүй асуудал юм. 65 гишүүн яагаад хариуцлага хүлээхгүй Засгийн газар уруу буруугаа чихэж байна вэ. Зөвхөн Засгийн газар буруутай гэвэл би хувьдаа зөвшөөрөхгүй. Гадуур 65 хүн намынхаа дээр гарсан байна гэсэн ойлголт байна. Дотроо л асуудлаа шийдье. Хариуцлага, алдааны тухай яриад л байгаа. Жилийн өмнө анхдугаар чуулганд зарчим алдагдаж байна гэж хэлж байсан."
Г.Мөнхцэцэг "Харамсалтай байна. Төр гэж гэрийн маань гадаа хийх ажил их байна. Ургац хураалт, өвлийн бэлтгэл, өр гээд ийм их ажил байхад өнөөдөр ээлжит бус чуулган энэ сэдвээр хуралдаж байгаа нь өрөвдөлтэй, эмгэнэлтэй байна. Засгийн газрыг огцруулах шаардлага гэж байна. Энэ шаардлагыг манай намын нөхөд бий болгосон гэж би үзэж байгаа. Энэ алхмуудыг хийлгэх кноп дарж зөвшөөрсөн хүмүүс нь бид өөрсдөө. Тиймээс бусдаас буруугаа битгий хай. Цаашид бид улс орноо яаж авч явах вэ. Олуулаа гаргасан шийдвэрийг бодлого гэдэг юм. Гэр барьчихаад гэрээ цэвэрлэх гэж байгаа бол өөрсдөө л цэвэрлэх хэрэгтэй шүү дээ. Ардчилсан намынхан орж ирж баагаагүй л бод бид цэвэрлэх хэрэгтэй. Тийм учраас энэ улс орон, эв нэгдлээ, ард иргэдээ бодож байгаа бол гаргах гэж байгаа шийдвэрээ нөхөд маань бодох байх."
Н.Оюундарь "Монголчууд бүх цаг үед эв эетэй байхдаа л хүчтэй байсан. Бид 24:00 цаг хүртэл хуралдана. Тэгж байхдаа бид үнэхээр дотоод эв нэгдлийнхээ төлөө шийдвэр гаргана гэж найдаж байна. Энэ их хурал Засгийн газрыг унагавал харамсалтай байх болно. Сөрөг хүчний орон зайн өнөөдөр их үгүйлэгдэж байна. Нам дотроо бид сөрөг хүчин болох гээд байгаа юм уу. Тийм дүгнэлт хүртэл хийж болохоор байна. Сөрөг хүчин сайн болгоныг хуваалцдаг хэрнээ алдаа дутагдлыг нь эрх баригч руугаа чихдэгийг болимоор байна. Намынхаа гишүүдэд эв эеэ бодсон шийдвэр гаргахыг уриалж байна".
Н.Цэрэнбат "Засаг унах болгоны ард том хулгай явдаг юм шүү гэж ард иргэд маань ярьдаг. Монгол Улс төртэй байна. Засаг болгонд Монгол хүн ажиллана. Энэ засаг огцорсноор энэ засгийн алдааг давтахгүй гэх баталгаа байгаа юм уу. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг. МАН-ын удирдах зөвлөлийн тогтоол бий. Засгийг сайжруулах ёстой. Бид нийт иргэн, улсын эрх ашгийг төлөө тангараг өргөсөн. Дараагийн бүрдэх засгийн төлөө бид цагаа үрэх юм уу. Бид өөрөө өөрсдөөсөө шинэчлэгдэе. Энэ засгийг тогтвортой байлгаад дараагийн асуудлыг ярихыг уриалж байна."
Б.Бат-Эрдэнэ "УИХ-ын хаалттай чуулган дээр Ерөнхийлөгчийг мэдээлэл хийх үеэр зэвсэгт хүчний салбарт үүсээд байгаа асуудлыг хэлж байсан. Зэвсэгт хүчний бүх асуудал удирдлагаас хамаардаг. Удирдлага томилгоог хийж байж бодлого хяналтаа хэрэгжүүлдэг. УИХ зэвсэгт хүчний удирдлагыг томилдог байгууллагын хувьд үүнд дээр анхаарах хэрэгтэй. Засгийн газрын ажилд алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй. Ер нь улс орны ирээдүйг том зургаар харахын бол нэлээн эгзэгтэй цаг үед ирээд байна. Тодорхой үр дүнд хүрсэн түвшингээ хадгалах нь чухал. Асуудалд УИХ бодитойгоор хандах хэрэгтэй"
Ц.Цогзолмаа "Популист аргаар улс төрийн оноог авах гэсэн нөхцөл байдал энэ хариуцлагатай танхимд гарч байгаад харамсалтай байна. Хэн нэгэн улс төрчийн онцгойрсон тоглолт газар авахгүй байх гэж бодож байгаа. Хариуцлага тооцох гэж байгаа асуудлыг би буруушаахгүй байна. Гарын үсгийн цаана юу байдаг вэ гэдгийг харах ёстой. Ард түмний асуудлыг шийдэх гэж байна уу сандал ширээний асуудал шийдэх гэж байна уу. Засгийн газрын тогтворгүй байдал эдийн засагт эсрэг нөлөө үзүүлнэ. Тиймээс улс орныхоо нөхцөл байдлыг анзаарч кнопоо дараасай. Засгийн газрыг өмөөрөхгүй, хариуцлага тооцох ёстой. Үүнийг улс төрийн асуудлаа шийдэх газраа шийдэх хэрэгтэй"
С.Жавхлан "Усан бороо их орсон намар орой ургац маш хүнд байгаа эгзэгтэй, хахир өвөл дөхөж байгаа үед Засгийн газрын тухай асуудал яригдаж байна. Миний бие улс орны хэцүү байгаа байдлаас гаргаж чадна гэсэн итгэл харагдаагүй учраас огцруулах тал дээр саналтай байгаа. Энэ Засгийн газар байсан байгаагүй ямар ч нэмэргүй байна. Өнөөдөр цалин нэмэх асуудлаар ээлжит бус хуралдаан зарлахгүй яасан юм. Нийгэмд тулгарч буй маш олон асуудал байна. Төрийн албан хаагчийн хуулийг хэлэлцүүлээч. Хэдэн сарын өмнө бурхан шиг гаргасан хүмүүсээ буг шиг болгочихлоо одоо. Дараагийн томилгоог би маш анхааралтай харна, ажиглана. Эх оронч залуучуудаа гаргаж ирэх гэж шахна"
Н.Амарзаяа "Нэгэн бодлын эмгэнэл ч юм шиг. Намынхаа том зовлонг төрийн зовлон болгоод ярьж суугаадаа харамсаж байна. Ард түмнийхээ итгэлийг авч сонгогдсон гэж бодож байна. Энэ цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газрыг сайн ажилласан гэж үзэж байгаа. МАН-аас нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг УИХ-аар батлуулж, хоёр жилийн ажлыг нэг жилд хийж гүйцэтгэх гээд чадан ядан явж байгаа гэж үзэж байна. Сайд нарын асуудал байсан. Бид боловсролын сайдаа хэлэлцээд сольсон шүү дээ. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн эрх үүргийн тал дээр асуудал их байсан шүү. Нэгэнт байгуулсан Засгийн газрынхаа үйл ажиллагааг сайжруулахын төлөө хийх хэрэгжүүлэх ажил их байгаа гэж үзэж байна."
М.Оюунчимэг “Гурван зүйлд гол анхаарлаа хандуулъя. Бид бүх зүйл хасах заалттай болсон эдийн засгийг хүлээж авсан нь үнэн. Чингэлтэйнхээ иргэддээ хандаж хэлэхэд би шударга байхын тулд Засгийг огцруулахад гарын үсэг зурсан. Түүнээс өөр намынхантай нийлж Засгийн газрыг огцруулах гээд байгаа юм биш. Хөрөнгө оруулагчид төрийнг бизнест их орж байна гэж үзэж байна. 76 сургуулийг концессээр барих боломж байгаа. Яагаад эхлүүлэхгүй байгаа юм бэ? Тойрогтоо ажиллахад нөхцөл байдал яг хэвээрээ байна. Нийгмийн хамгааллын сайдаас хичнээн хүн ажилгүй байгаа, ажилгүйдэл ямар байгааг асуумаар байна. Зориулалтын зүйл зориулалтын хүмүүстээ очихгүй байх тохиолдол ч байна. Багш нар цалингаа нэмүүлэх гээд байдал хүнд байна. Зөндөө багш нартай уулзлаа. Бүх багш нар цалингаа нэмүүлэхэд санал нэг байна. Одоо зөвхөн иргэдээ л болъё”.
АН-ын дарга С.Эрдэнэ "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтийг 5.3 хувьд хүргэсэн гэж яриад байгаа боловч юунаас болов гэдгийг сайн харах ёстой. Ж.Эрдэнэбатыг огцруулах гурван үндэслэл хамгийн зөөлөн үндэслэлүүд байна. Эдийн засгийн өсөлт бодит биш. Ноднингийн мөн үд 291 сая.ам долларын нүүрсний борлуулалт хийсэн бол энэ жил 1.3 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Нүүрсний үнийг Засгийн газар сайндаа өсгөчихөөгүй юм. Олон эдийн засгийн сайн үзүүлэлтүүд бий. Инфляци 2 хувиар өсөж, төгрөгийн ханш 20 орчим хувиар суларсан байна."
Л.Элдэв-Очир “МАН-ын бүлгийн 65 тойрогтоо очих нүүргүй болсон. 2012 оны сонгуулиар АН-ыг муулаад байсан. Одоо ялгаагүй боллоо. Тийм учраас Засгийн газарт муу хувилбарыг сонгож байгаа. Засгийн газрыг гишүүд юуг буруу хийв гэхийн оронд бүлгээ хоёр хуваагаад талцуулж байна. Хоёрдугааар ээлжийнхэн хоолондоо орох гэж байна гэх мэтчилэн зүйл ярих юм. Иргэд хэнд итгэхээ мэдэхээ больж байна”.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Огцруулах бичигт гарын үсэг зурсан юм. Миний энэ 25 жилийн хугацаанд хийсэн хамгийн хүнд шийдвэр. Монгол төрийг бодож ийм хүнд алхам хийсэн юм. Би ноднин жил дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэж хэлж байсан. Давтаад хэлчих нь зүйтэй гэж бодож байна. Ц.Элбэгдорж гэдэг хүн Монголын улс төрийг самарсан даа. Тэр явсаар байгаад өнөөдрийн байдалд хүргэж байгаа шүү дээ. Хоёрдугаарт энэ хүний үед хууль хяналтын байгууллагад захиалгат хүнийг томилж улс төрийн цагдаа болсон. Улс төрийн цагдаа нар хэзээ ажлаа зогсоохыг би мэдэхгүй байна. Энэ Засгийн газрыг огцруулах баримт бичигт гарын үсэгт зурахдаа ХХБ-ны талаар УИХ-аас гарсан шийдвэрийг огт хэрэгжүүлэхгүй байгааг нь бодож зурсан юм."
Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн гишүүд:
Т.Аюурсайхан
С.Батболд
Ж.Батзандан
Б.Батзориг
О.Батнасан
Б.Баттөмөр
Л.Болд
Х.Болорчулуун
Ж.Ганбаатар
Д.Гантулга
Ц.Гарамжав
Ц.Даваасүрэн
Д.Дамба-Очир
Б.Жавхлан
С.Жавхлан
Г.Занданшатар
Д.Мурат
З.Нарантуяа
Х.Нямбаатар
Ц.Нямдорж
М.Оюунчимэг
Л.Оюун-Эрдэнэ
Б.Пүрэвдорж
Ш.Раднаасэд
Я.Санжмятав
Д.Сарангэрэл
Я.Содбаатар
Г.Солтан
Д.Сумьяабазар
А.Сүхбат
Д.Тогтохсүрэн
Ч.Улаан
Н.Учрал
Ч.Хүрэлбаатар
Д.Цогтбаатар
С.Чинзориг
Л.Элдэв-Очир
Ж.Энхбаяр
Л.Энхболд
Б.Энх-Амгалан
С.Эрдэнэ
Д.Эрдэнэбат
Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн гишүүд:
Н.Амарзаяа
Ё.Баатарбилэг
Х.Баделхан
Б.Бат-Эрдэнэ
Ж.Бат-Эрдэнэ
М.Билэгт
С.Бямбацогт
Д.Ганболд
Б.Дэлгэрсайхан
Д.Лүндээжанцан
Л.Мөнхбаатар
Ж.Мөнхбат
Г.Мөнхцэцэг
Ц.Мөнх-Оргил
Н.Номтойбаяр
Н.Оюундарь
Д.Оюунхорол
Б.Саранчимэг
О.Содбилэг
Г.Тэмүүлэн
Б.Ундармаа
А.Ундраа
Д.Хаянхярваа
Ц.Цогзолмаа
Н.Цэрэнбат
Б.Чойжилсүрэн
М.Энхболд
Н.Энхболд
Ө.Энхтүвшин
Л.Энх-Амгалан
Ж.Эрдэнэбат
24news.mn