Анхдагчийн өлгий Булган хангай нутгийн түүхт 80 жилийн ой ирэх жил тохиох юм. Тэгш ойн жил гэдэг утгаар орон нутгийн удирдлагууд баяр, наадмын бэлтгэл ажилдаа одооноос эхлэн ханцуй шамлан оржээ. Ингэхдээ мөн л “Анхдагч” гэж болохоор шийдвэрийг аймгийн удирдлагууд шийдсэн байх юм. Тодруулбал, Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг нарын зүгээс байгууллагын дарга нараас 500 мянга, дэд дарга нараас 300, хэлтэс тасгийн дарга 150, ажилтан албан хаагчдаас гурван өдрийн цалинг нь хандив болгон авахаар босго тогтоож, чиглэл өгчээ. Мөн цаашлаад малчин өрх бүрээс малын тоо, тогойноос нь хамаарч 10 мянгаас сая төгрөг, бусад өрх бүрээс мөн 10 мянган төгрөг авахаар төлөвлөсөн байдал нь цахим сүлжээнд олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байна. Тодруулбал Булган аймгийн удирдлагууд хандив авахыг санаачилсан нь “Анхдагч” биш харин хүний хүүг хэнийг нь ч ялгалгүй мөнгө хураах шийдвэр гаргаж, хөрөнгө чинээ, ажил байдал зэргээр нь ялгаварлан хураалгах мөнгөнд нь тариф тогтоож өгснөөрөө “Анхдагч” болон бас л түүхэнд үлдэх нь... Ингэхдээ “зарлиг” ч гэж эндүүрмээр тус албан бичгээ тун даруухнаар “Байгууллагын дарга, эрхлэгч нарт чиглэл өгөх тухай” хэмээн толгойлжээ. Зөвхөн энэ өгүүлбэрийн цаана энгийнээр бодоход ямар нэгэн хууль, дүрэм зөрчигдөх нь маргаангүй. Хамгийн энгийн жишээгээр бодож үзэхэд сургуулийн эрхлэгч бага ангийн багшийг ч юм уу хэн нэгэн албан хаагчийг “Аймгийн ойн баярт гурван өдрийн цалингаа өг” хэмээн шахалт үзүүлж болохгүй. Гэвч яг ийм шийдвэр “Иргэдийн хуралд орж ирээгүй” гэсэн хариултыг төлөөлөгч Д.Эрдэнэбат өгүүлж байна. Тэгэхээр аймгийн мундагууд иргэдийнхээ төлөөлөлтэй ч санал солилцолгүй шууд зүтгүүлсэн болж таарч байна.
Энэ талаар Булган аймгийн нутгийн зөвлөлийн дарга О.Амартүвшин “Өрх бүрийг мөнгө өг гэж шахаж нь мэдээж буруу. Зам дэд бүтэц зэргийг төсвийн хөрөнгөөр бий болгох учиртай. Уг нь ойн арга хэмжээ гэдэг нэрээр өрх бүрээс тодорхой хэмжээний мөнгөн дүн тогтоож, хуримтлал үүсгэн түүгээрээ өмнөд хөршид захиалсан энгэрийн тэмдэг, хөшөө нэртэй овоолсон шавар, хүн тоож уншихааргүй ном зэрэгт зарцуулах нь гол зорилго биш юм. Тэгээд ч хандив гэдэг иргэдийн сайн дурын өглөгөөс бий болдог зүйл шүү дээ. Тийм учраас ойн ер нь яах гэж тэмдэглэдэг вэ гэдгийг бодох ёстой” гэсэн байр суурийг илэрхийлэв. Харин тус аймгийн уугуул, Монголын үндэсний их сургуулийн багш Ч.Ренцэнхорлоо “Хандив гэдэг ард иргэдийн сайн дурын үндсэн дээр бий болдог байхад харин татвар гэдэг хуулийн хүрээнд хуримтлуулдаг сан юм. Иймхэн ялгааг манай нутгийн удирдлагууд ойлгоогүй гэдэгт итгэхгүй байна. Магадгүй дарга нар аливаа зүйлд гарын үсэг сурахдаа агуулгыг нь сайтар уншиж уншиж байх хэрэгтэй гэсэн дохио энэ болж байна” гэв. Хэдийгээр орон нутгийн иргэд ийнхүү тус тусын шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байгаа ч яг одоогийн байдлаар ХАС банкны “Булган 80” хандивын дансанд 129.5 сая гаруй төгрөгийн хуримтлал бий болжээ. Үүнээс орон нутгийн удирдлагууд ч шаардлагатай зарлагаа гаргаад эхэлсэн байна. Тухайлбал Аймгийн Засаг даргын Тамгын газраас эрхлэн хэвлүүлж буй ойн номонд 6.3 сая төгрөгийн эх бэлтгэлийн зардал гаргажээ. Зөвхөн эхийг нь бэлтгэхэд зургаан сая төгрөг орсон номыг хэвлэлтэд шүлжүүлэхэд ямар хэмжээний зардал гарахыг үнэндээ нарийн тооцоолох боломжгүй болж байгаа юм. Энэ байдлаараа эх бэлтгэлтэйгээ нийлээд 70 орчим сая төгрөгөөр лав энэ ном бүтэх нь үндсэндээ тодорхой болж байна. Мөн зөвхөн энэ жишээнээс харахад нийтээс цуглуулсан хөрөнгөд нутгийн “босс”-ууд хэрхэн хандах нь үндсэндээ тодорхой болж ирж байна. Хамгийн багадаа тэд зурагт номын эхийг бэлтгүүлэх сонгон шалгаруулалт зарлаж болох байв. Цаашлаад нутгийн томоохон бизнесменүүддээ даатгаж ч болох байсан. Бүр нарийвчлан судалбал тус аймгийн уугуул иргэний үүсгэн байгуулсан “Сэлэнгэ пресс” компанитай ч тохироо жийж болох байв. Гэтэл тэд алийг ч хувилбарыг нь сонгосонгүй. Харин энэ байдлаас үүдэн нутгийн иргэд “Нэг даргын халаас руу яваад орчихлоо” гэсэн хардлагыг тээгээд үлдэж буй нь цахим хуудаст илэрхийлсэн сэтгэгдлүүдээс тодорхой харагдаж байна. Мөн үүний зэрэгцээ айл өрх бүрээс тариф гарган мөрдүүлэн байж, хурааж авсан хөрөнгөөс энгэрийн тэмдэг, дурсгалын аяга, ойн медаль зэрэгт багаггүй хувь нь явах биз.
Орон нутгийн удирдах байгууллагаас гаргасан дээрх шийдвэр буюу тодорхой өгөгдсөн тооны дагуу бодож үзвэл зөвхөн аймгийн хэмжээнд байх нийт төрийн албан хаагчаас ойролцоогоор тэрбум төгрөгийн “татвар” авахаар болж байгаа юм. Тухайн аймгийн албан ёсны цахим хуудаст байршуулсан шинэ мэдээллээр Булган аймгийн хэмжээнд 17159 өрх бий. Үүнээс 8361 нь малчин өрх байгаа юм. Үүн дотроо мянгаас дээш малтай 497 өрх байгаа гэж үзэхээр тооцоход бэрх татвар хурааж авахаар төлөвлөжээ. Ойролцоогоор бодож үзвэл зөвхөн малчин өрхөөс 1.5 тэрбум төгрөг авах бололцоотой байна. Мэдээж өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Хандив” гэсэн гоё нэртэй албан шахалтаар авч буй хураамжийн хэмжээ малын тооноос шууд хамааралтай. Энгийнээр хэлбэл 100 хүрэхгүй малтай өрх 80 жилийн найранд 10 мянган төгрөг өгөх “босго”-той бол 100-гаас дээш толгой малтай өрхийн тариф өсөх шатлалаар үүнийг зохицуулжээ. Мөн бусад гэсэн ангилал бий болгож, малчин ч биш, төрийн албан хаагч ч биш өрхүүдийг оруулж тэднээс мөн 10 мянган төгрөг хурааж авна гэж томъёолжээ. Зөвхөн энэ шийдвэрээс харахад Булган аймгийн удирдлагуудын өмнө ардчилсан нийгмийн үнэт зарчим, хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт хийгээд Үндсэн хуулийн суурь зарчим нуран унаж байна.
Чухамдаа Булган аймгийн удирдлагуудын санаачилсан “Анхдагч” энэ түүхэн үйл явц ойн баяр гэхээр одон түгээх үйл явц, тэмдэглэлт баяр гэхээр тойрч суугаад ууж идэх гэдэг “дэмий” сэтгэлгээг халах цаг ирснийг улам бүр батлаж байна. Харин түүний оронд ойн арга хэмжээгээр далимдуулан иргэдээсээ мөнгө авах бус, тэдний орлогыг нэмэгдүүлж, нутгийн брендээ сурталчилан таниулах, орон нутагтаа дотоод, гадаадын жуулчдыг татах чиглэлд илүүтэй анхаарсан ажлууд энэ цаг үед хэрэгтэй байгаа юмсан. Үгүйдээ л гэхэд орон нутгийн албан ёсны цахим хуудас, өмнөх ойн номууд гэх мэтээр хангалттай мэдээлэл байхад дахин хуучин номонд шинэ хавтас хийхийн оронд дотоодын болон гадаадын жуулчдад зориулсан үзэх ёстой газруудын жагсаалт, тус газрын зай хэмжээ, ойр орчмын амралтын газрын үнэ ханшийг багтаасан жижиг гарын авлага хэвлүүлэх нь орон нутгийн төсөвт ч дэмтэйсэн...
Эх сурвалж:bulgan.mn Д.Ганбаатар
24news.mn