“Автомашингүй өдөр”-өөр буюу 5-р сарын 20-ны өдөр Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадыг зохион байгууллаа. МЗХ-оос санаачлан 2012 оноос дугуй унадаг залуусын тоог нэмэгдүүлэх, нийслэлд унадаг дугуйн замыг бий болгох зорилгоор “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 2016 оны байдлаар унадаг дугуй унадаг залуусын тоо 30 мянгад хүрчээ. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд 2013-2015 онд Бэлхийн зам, Дүнжингаравын зам, 19-р хорооллын арын зам, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн зэрэг 9 газар 45,9 км дугуйн замтай болсон байна. Тус дугуйн парад нь жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд дугуй сонирхогч клубуудын оролцоотойгоор зохион байгуулагддаг билээ.
“Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадын нээлтэд МЗХ-ны дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү, “Залуу Дугуйчин” клубийн тэргүүн Ч.Түвшинжаргал, Оргил уулын дугуйн клубийн тэргүүн Х.Наранбаатар нарболон дугуй унадаг залуус оролцлоо. Энэ үеэр “Залуу Дугуйчин” клубийн тэргүүн Ч.Түвшинжаргалыг МЗХ-ны “Хөдөлмөрийн Алдар” цол тэмдгээр шагналаа. Түүний хувьд 2013 оноос эхлэн МЗХ-ны дэргэдэх “Залуу Дугуйчин” клубийг амжилттай удирдан явуулж, дугуй унах сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх, дугуйн замыг бий болгоход тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгаа юм.
Энэ жилийн дугуйн парадаар унадаг дугуй унадаг залуусыг хамгаалалтын малгайгаа тогтмол зүүж хэвшихийг уриаллаа. Унадаг дугуй бол хүн хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэл. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо дугуйчид зайлшгүй хамгаалалтын малгай өмсөж хэвших хэрэгтэй. Хамгаалалтын малгай өмсөж хэвшсэнээр тархины гэмтлээс бүрэн хамгаалах боломжтой юм. Дугуйн парадын үеэр зориулалтын сайн чанарын хамгаалалтын малгайг 20000 төгрөгөөр худалдаалсан.
Мөн энэ үеэр нийслэл хотын нутаг дэвсгэрээр аялж, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан, Богд уулыг тойрох 24 цагийн 240 километрийн аяллыг хийх UB 240 дугуйн аяллын нээлт болох бөгөөд аяллын бүртгэл явагдлаа. Тус дугуйн аялал 2017 оны 6-р сарын 3,4-ны өдрүүдэд болох юм байна.
Дугуйчид жил бүр унадаг дугуйгаар УДУ, ЗАМ, ХҮҮХЭД гэсэн үгнүүдийг бүтээж байсан бол энэ жил дугуйн замыг “НЭМЬЕ” гэсэн уриа үгийг бүтээсэн юм. Энэ жилийн “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадад 1500 гаруй дугуйчид оролцлоо
“Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадыг Нийслэлийн Захирагчийн Алба, Монголын Залуучуудын Холбоо, “Залуу Дугуйчин” клуб, “Оргил уулын дугуйн” клуб, “UB Social” клуб, “Meridа”, “I LOVE DH” клуб, дугуйн түрээсийн “Green bike” байгууллагууд хамтран зохион байгууллаа.
24news.mn