2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
М.Энхболд ангийн охин Д.Баярсайханыг НИТХ-ын дарга болох ёстой юу

Нийслэлийн иргэдийн цөөнгүй хувь нь НИТХ-д нэр дэвшиж буй Д.Баярсайханд ийм өнцгөөс хандаж байна. Тэрбээр энэ жил хий насыг нь оролцуулаад  жаран насны босго давах гэж байгаа аж.  Улс орны хөгжлийг мэдлэг боловсролтой залуучууд түүчээлж байгаа энэ цаг үед Д.Баярсайхан төлөөлөгч илүүдэж байж мэднэ. Дээр нь хэнд ч танигдаагүй нэгэн.

Таниулахын төлөө юу хийж бүтээснийг нь зөвхөн намын үүрийн нөхөд нь л мэдэх байх. Жирийн иргэдийн тухайд  НИТХ-ын төлөөлөгч гэдгийг нь хэдхэн хоногийн өмнө л мэдэж авсан хэрэг.  Залууст байраа тавьж өгөхгүй хэмээн ана мана ач тач үзээд байгаа хатагтайн намтрыг зориуд сонирхож уншлаа. Өө аргагүй НИТХ-ын дарга болох юм байна гээд шүүрээд авах зүйл энд алга.  Дээд сургуульд хожим элссэн юм байна. Ажил амьдралынхаа гарааг мах комбинатад нормчноос эхэлсэн байх юм. Олз шүүрэм зүйл гэвэл биеэ их дайчилдаг учраас энэ зиндаанд хүрсэн байх.

Шулуухан хэлэхэд, тэрбээр амбиц сайтай нэгэн бололтой. Түүний адил боловсрол мэдлэгтэй мянга мянган бүсгүйчүүд манай улсад бий ч түүн шиг ямар замаар явбал амжилтад хүрч болдгийг, хэнд наалдвал урагшилж болдгийг мэдэж хөдөлдөг нь  маш цөөхөн л дөө. Нөгөөтэйгүүр, түүнийг МАН-ын дарга М.Энхболдын арван жилийн ангийнх нь охин гэх яриа яваад байгаа. Үнэн эсэхийг нь хэлж мэдэхгүй юм, үнэндээ. Байж болох талтай. Сүүлийн жилүүдэд хашиж буй албан тушаалууд нь магадгүй гэх таамгийг төрүүлээд байх юм.

Тодруулбал,   2009 оноос Нийслэлийн Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны дарга, 2008-2009 онд “Их баян нуур” ХХК-ийн зөвлөх, 2009-2012 онд Нийслэлийн ЖДҮДТ-ийн Дарга, 2012-2016- онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны хэрэг эрхлэх газрын дарга, 2016-оноос НЖДҮДТ- ийн дарга гэхчилэн дандаа нийслэлийг тойрон эргэлджээ.  Ялангуяа, НЖДҮД-ийн дарга бол  хэн хүнд олдоод байдаг албан тушаал биш.  Намдаа нэр нөлөө бүхий байж  гэмээнэ хаших байх. Эсвэл хандив өргөх мөнгөтэй бол шүү дээ.  Одоо тэр НИТХ-ын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна.

Түүний сэтгэл байгаа зүйлдээ, хашиж буй албан тушаалдаа ханаагүй байсан бололтойдог. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг юм гэнэ лээ. Эмэгтэй хүнийх яадгийг хэлж мэдэхгүй юм. Д.Баярсайханыхаар бол НИТХ, цаашлаад нийслэлийн намын дарга болно хэмээн цээжнийхээ гүнд тооцоолж явааг байг гэх газар алга. Аягүй бол УИХ-д нэрээ дэвшүүлэх боломж олдвол үзнэ л гэх байх.

Ийм нэг эмэгтэй НИТХ-ын дарга болохоор нойргүй хонож байна, цаана чинь.  Ажил амьдралын зам нь өөгүй цэвэр бол бас яая гэх билээ. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байхдаа “хар гэрт” хэсэг хоригдсон ч тэгэсгээд суллагдсан байсан тухай архивт үлджээ. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д хоёр, НИТХ-д гурвантаа суусан энэ эмэгтэйд нийслэлийг удирдах зангараг байна уу. Хэнд наалдаж, хэний төлөө байвал албан тушаалд очдогийг мэдэхээс түүнд өөр хотын хөгжлийн төлөө санаа тавьж байсан тухай сонсоогүй юм байна.

 

 Б.Энх-Учрал

ЭХ СУРВАЛЖ: http://mminfo.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.