Их тэнгэрийн амны наахна, “Маршал”-ын гүүрний зүүн талд барилга барихаар зэхэж, том хашаа босгосон нэгэн компанийн гадна шөнийн цагаар олон машин хөлхөж, элс шороо зөөн бужигнаж байгаа гэсэн мэдээллийн мөрөөр бид өмнө нь газар дээрээс нь сурвалжилж, наймдугаар сарын 11-ны дугаартаа нийтэлж байсан. Тодруулбал, “Зүүнбаян Рэйфайнери” ХХК-ийн захиалгаар “ABT” групп барилгын гүйцэтгэгчээр ажиллаж, тус газарт хувийн орон сууцны зориулалттай 20 хаус барина гэсэн мэдээлэл байсан. Үүний дагуу холбогдох байгууллагууд буюу Нийслэлийн газрын алба, МХЕГ, БОАЖ яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай уулзаж тодруулж байсан. Тухайн үед салбарын яамнаас зөвшөөрлийг нь цуцласан. Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас энэ оны долдугаар сарын 27-нд газрын эрх дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснээс хойш 90 хоногийн дотор газрыг анхны байдалд нь оруулан хүлээлгэж өгөх ёстой. Мэдэгдлийн хугацаа дуусахад газраа хүлээн авна гэсэн хариуг өгч байв. Тиймээс бид арваннэгдүгээр сар гэхэд асуудал шийдэгдэнэ гэж ойлгосон.
Тэгвэл одоог хүртэл “Зүүнбаян Рэйфайнери” гэх компани гэгээн цагаан өдрөөр барилгын ажил явуулж байна гэсэн мэдээллийг оршин суугчид өгсөний мөрөөр дахин газар дээр нь очлоо. Хашааны үүдэнд очив уу, үгүй юу, манаач хаалгаа дангинатал түгжиж, барилгын ажилчид хийж байсан ажлаа орхин алга болцгоов. Ирсэн учир шалтгаанаа манаачид хэлж, барилгын ажлыг хариуцаж байгаа хүн байвал уулзуулж өгөөч гэхэд “Биднийг хариуцсан хүн одоогоор байхгүй. Дарга нар өглөө ирчихээд явдаг. Энд байгаа хүмүүс юу ч мэдэхгүй” гэж хам хум хэлээд манаачийн байр луугаа ороод хаалгаа тас хаав. Энэ компани түмний нүдэн дээр байгалийг үрэн таран хийж сүйтгэх хэрнээ, захирал, хариуцсан эзэн нь олддоггүй нууцлаг байгууллага юм. Өмнөх сурвалжлагаа хийхдээ Хүрлээ гэх менежерийн утасны дугаарыг олж холбогдсон ч тоймтой мэдээлэл өгөлгүй явсаар алга болсон. Өдийд энэ барилгын үйл ажиллагаа зогссон байх ёстой атал, яагаад барилгын ажил эд явагдаж, нүх ухаж, шороо зөөж байна вэ гэдгийг БОАЖ яамнаас тодруулахад “Зөвшөөрөл нь цуцлагдсан. Одоо цагдаа руу шилжүүлсэн байгаа” гэснээс өөр тодорхой хариулт өгөх хүн байсангүй. Түүний дараа Богдхан уулын Дархан цаазат газрын захиргаа, Туул голын сав газрын захиргаанаас ямар арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа.
Богдхан уулын ДЦГ-ын захиргааны газар ашиглалтын мэргэжилтэн Г.Ганзоригт:
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАР ОЧООД ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГГҮЙ
Анх 2008 оны наймдугаар сарын 22-нд Байгаль орчны яамны сайдын тушаалаар “Зүүнбаян Рэйфайнери” гэх компанид “Бага тэнгэрийн ам”-ны хязгаарлалтын бүсэд дөрвөн га газрыг олгосон. Тэр үеэс саяхныг хүртэл гэр газрыг ашиглаагүй байж байгаад, гэнэт энэ жилээс барилгын ажил эхэлсэн. Энэ компани Дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчсөн буюу голын гольдролыг эвдэж, бургас модыг үндсээр нь булгалан авч, хөрсийг барилгын хаягдал шороо асган дүүргэж, суурь цутгаж байгаа. Үүнийг эсэргүүцэж салбарын яаманд хүсэлт гаргаж 2017 оны зургадугаар сарын А177 тушаалаар газар эзэмших тушаалыг нь цуцлуулсан. Гэсэн ч одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Газрын гэрчилгээг нь шалгахаар удаа дараа очсон ч эзэн нь байдаггүй, бид очоод шууд үйл ажиллагааг нь зогсоох эрх байхгүй. Үйл ажиллагааг нь түргэн зогсоохын тулд Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч гээд бүхий л газарт хандсан. Байгаль хамгаалагч нар очдог ч юу ч хийж чаддаггүй. Зөрчлийн хууль бариад машин тэргийг нь хураана гэвэл бусдын эд хөрөнгөд халдсан хэрэгт орно. Одоо хамгийн түрүүнд хийх зүйл бол барилга босч эхлэхээс өмнө цагдаа, хүчний байгууллага, байцаагч нар үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй байна.
Туул голын сав газрын захиргааны захирал Я.Болдбаатар:
НИЙСЛЭЛИЙН МХЕГ-Т ЭНЭ КОМПАНИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ЯВУУЛСАН
Энд хэний компани, ямар барилга бариад байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй. Газар дээр нь очиж асуухаар “Бид нар гүйцэтгэгч компани. Захиалагчаа мэдэхгүй” гэсэн хариултаар ам тагладаг. Олон удаа албан бичиг, хүсэлт, шаардлага хүргүүлдэг ч хариу ирүүлдэггүй. Гэрчилгээ зөвшөөрлөө ч үзүүлдэггүй. Нийслэлийн МХЕГ-т энэ компанийг шалгуулах хүсэлт явуулсан. Хариуцсан эзэн, мэдээлэл авах хүн олддоггүй. Бид ЦЕГ-ын дэргэдэх байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гаргасан.
Хариуцах ёстой газрууд, эрх бүхий албан тушаалтнууд ингэж ярьж байна. Өөрөөр хэлбэл хууль дүрэм үйлчилдэггүй энэ компанид хяналт шалгалт тавих хэн ч алга. Нийслэлийн ард иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэгэнт сүйдэж алга боллоо. Үүнийг хэн шийдэх вэ?
М.БААСАНДЭЛГЭР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
24news.mn