Жонатан Смит гэдэг хүн өөрөө хүнд шархадтал хэдэн арван хүнийг аюулгүй газарт хүрэхэд нь тусалжээ. Харин одоо түүнд өөрт нь тусламж хэрэгтэй болжээ. Өнгөрсөн ням гарагийн орой Лас-Вегасын оршин суугч 64 настай Стивен Пэддок автомат зэвсгээр хөгжмийн наадам үзэж байсан хүмүүсийг Mandalay Bay буудлын 32 давхраас буудсан. Сүүлийн мэдээгээр 59 хүн энэ үеэр амь үрэгдэж, 527 хүн шархадсан байгаа. Хэрэв 30 настай оюутан, гурван хүүхдийн эцэг Жонатан Смит байгаагүй бол хохирогчдын тоо их байж болох байлаа. Олон нийтийн сүлжээгээр түүнийг Америкийн хамгийн зоригтой залуу гэж нэрлаад байна. Жонатан хамаатныхаа төрсөн өдрийг Mandalay Bay казиногийн ойролцоо тэмдэглэж байв. Түүний сууж байсан газар харгис алуурчны нүднээс далд харьцангүй аюулгүй зайд байлаа. Бууны суманд хүмүүс оногдон амиа алдаж байгааг харсан тэрбээр тэднийг аврахаар шамджээ. Айсан, шархадсан хүмүүсийг тэр аюулгүй газар луу гаргасан байна. Олон арван тэнэсэн сум хүмүүсийг хороож байсан тэр үеэр Жонатан гучаад хүмүүсийг аюулгүй газарт гаргаж чаджээ. Ингэхдээ тэрээр эгмэндээ хүнд шархдан эмнэлэгт хүргэгдэж мэс засал хийлгэсэн байна. Одоо түүнийг гурван хүүхэд нь эдгэрэхийг нь тэсч ядан гэртээ хүлээж байгаа гэнэ. Сануулахад, ням гарагийн орой бараг найман минутын турш хүмүүсийг автомат буугаар буудсан 64 настай Стивен Пэддок дараа нь амиа егүүтгэсэн. Түүний гал нээсэн буудлын 32 дахь давхраас цагдаагийнхан бараг дөчөөд төрлийн галт зэвсгийг олж илэрүүлжээ.
24news.mn