2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Илгээлтийн эзэд хөдөөг зорьж эхэллээ

Улстөр менежментийн академийн Ерөнхийлөгч Д.Уламбаяр, Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир, нийслэлийн нэгдмэл амьдралаас түр ч гэсэн холдож мал маллахаар сэтгэл, зорилго нэгдэн илгээлтийн эзэд болох Х.Билгүүн, А.Тэнгис нар Нарантуул худалдааны төв дээр ирлээ. Д.Гомбо-Очир гуай шинээр мал маллах гэж буй залуусынхаа намар, өвлийн хувцасыг бэлтэх ажил ийнхүү эхэлсэн юм. Монголын радиогийн сэттгүүлч Б.Энхтуяа нэгэнтээ “дөрөө даах” гутал гэж цуврал нэвтрүүлэг хийж байсан нь өөрийн эрхгүй санаанд буув. Дөрвөн улирлын өнгөтэй манай нутагт “Дулаан явбал мянган лан” гэсэн хэлц үг зүгээр гараагүй нь мэдээж. Мал маллах ухааныг үр хойчдоо өвлүүлэх, тэднийг ажлын байраар хангаж, хойч ирээдүйд нь өв хөрөнгөтэй болгох зорилт тавьж ийнхүү малчдадаа дулаан хувцас бэлдэж яваа Д.Гомбо-Очир гуай алхам тутамдаа л үнэтэй сайхан зөвлөгөө хэлж явлаа. Монгол хүнийг малжуулах төсөл гэж сүйдтэй сүртэй зүйл төрийн бодлогод байхгүй болсон өнөө цагт энгийн нэг эгэл малчин ийнхүү нийслэлийн ажилгүй 10 мянга гаруй иргэнийг ажлын байраар хангах зорилт өвөртлөн мал маллах хүсэл зорилготой анхныхаа залуусыг гараас нь хөтлөн алхаж буй нь энэ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж. Ямартай  нар салхинд жиндэхгүй дулаан хувцас малчин хүний эн түрүүнд тавигдах зүйл. Тиймдээ ч хэлбэр муу ч хийц сайтай дөрөө даах гутал, зузаан хөвөнтэй дээл, бүчийг нь буулгадаг малгай гээд манайханд худалдан авах зүйл их. Гэхдээ л цаг нартай уралдаж яваа болохоор тэд жаахан яаруухан байлаа. Ийнхүү явсаар өвлийн хувцасаа бэлдсэний дараа манай багийнхан Хэвлэлийн хурал хийлгэх байрныхаа зүг хөдөллөө. Монгол түмэн энэ л ширгэшгүй ухаанаар өнөөдрийн хөгжлийг хөтөлж ирсэн гэж хэлж болно. Тэгвэл тэр их ухааны амьд өв болсон мал аж ахуйн салбар өдрөөс өдөрт хөгжиж, чанаржих л ёстой. Тиймээс ч залуус маань элдэв эрээн мяраан гоёл, цахим ертөнцийн тансаг хэрэглээнээсээ татгалзаж байгаагийн тодхон жишээ нь Х.Билгүүн, А.Тэнгис нарын малчин болох зорилго юм. Энэ залуус ажлынхаа хөлс, хувьчилж өгсөн малаараа баяжина гэж хөдөөг зориогүй. Монгол ухаан, ёс заншилаа өнө хойчдоо өвлүүлэх их үүргийг ухамсарлаж ийнхүү хөдөөг зорьж байгаа нь бахархам зүйлийн нэг билээ. “Алтан гар” хөдөлмөрийн бирж дээр саяхан  мянгат малчин Д.Гомбо-Очир гуай ирж  “Малчид  малгайтай мал, алчууртай адгуус биш”  Монголын малчид бидэнд 10.000 хүнд  ажлын байр бий болгох боломж байна гэж уриалж байсаныг хэн бүхэн тодхон санаж байгаа.  Энэ өдрөөс хойш мал хариулах сонирхолтой залуус тус төв  дээр  нэгдэж  эхэлсэн. Ингээд малчны хотод анхны суурь хонио хүлээнэ авах гэж буй Хүрэлбаатарын Бүлгүүнтэй  ярилцлаа.



-Мал маллах тийм ч амар ажил биш. Энэ сонголтыг хэзээ гаргасан бэ?

-Ер нь малчин болъё гэж эргэлт буцалтгүй шийдсэн минь 10-аад хоногийн өмнө гаргасан шийдвэр. Харин энэ санааг анх дөрөвдүгээр анги төгссөн жилээ зуны амралтаараа хөдөө ахындаа очоод гоё сайхныг нь мэдрээд том болоод сайн  малчин болно доо гэсэн бодол төрж байсан. Тэр бодол минь өнөөдөр биелэлээ олж байна. Мөн жилийн өмнө Тэнгис  бид хоёр мал хариулах талаар ярилцаж байсан юм.  

-Англи, Орос  хэлтэй, гадаад харилцааны мэрэгжилтэн яагаад мэрэгжилээ хойш тавих болов? 

-Ер нь би шударга бус зүйлтэй санаа нийлдэггүй,  өнөөдөр ямар нэгэн ажилд ороход танил тал, авлига өгч байж ажилтай болдог болсон нийгэм шүү дээ. Тэгээд ч би өвөг дээдэс уламжлалт ухаанаа сонирхон судалдаг, цаашид ч төлөвлөсөн хийх ажил их байгаа нь мэргэжлээ хойш тавихад нөлөөлсөн байх.  Үнэндээ 10.000 малчдын анхдагч болж байгаадаа баяртай байна. Миний хойноос маш олон сайхан залуус мал маллахаар илгээлт өвөртлөөсэй гэж хүсч байна.

-Мал маллах ухаанд хэр суралцсан бэ?

 -Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Тэнд  төрж  өссөн, эхээс дөрвүүлээ үйлдвэрлэлийн менежер, график дизайн, бизнесийн удирдлага гээд бүгд өөр, өөр мэрэгжилтэй, би  багадаа зуны амралтаараа хөдөө хааяа очиж  мал ахуйн зах зухтай болсон. Нэг удаа хонь хариулж яваад мориноосоо унаж байсан,  өнөө үед мотоцикл, машинаар хонь, малаа хариулдаг болчихоод байгаа, харин бид хоёр дан мориор хариулна, бүх зүйлийг уламжлалаасаа суралцаж сэргээх бодолтой байгаа шүү.

-Байгалийн янз бүрийн үзэгдэл бас л шалгуур болдог. Мөл мал төллөх үе хэцүү шүү дээ?

-Тухайн үедээ хэцүү, зутрах зүйл гарах л байх, гэхдээ малчин болно гэдэг миний мөрөөдөл ер нь мөрөөдөлөө биелүүлж байгаа хүн чинь юундаа шантрах вэ дээ.  Уламжлалт “Гүн ухаан” мал аж ахуйг онол практиктай нь хослуулж  сонирхон судалдаг, одоо тэгээд жинхэн практик, амьдрал   дээр  эрдэм сурна гэсэн үг,  Тэгээд ч утаа, тоос шороо, чимээ  шуугиан, гэрэл  цахилгаан, телевиз,  гар утаснаас хөндийрөнө эрүүл саруул сайхан орчинд очино, сэтгэлд  сайхан санагдаж байна.

-Цаашдын зорилго, өөрийнхөө үеийнхэнд хандаж юу гэж уриалж хэлмээр байна?

-  Монгол сайхан уламжлал зан заншлаа дээдлээд, өвгөдөөсөө  суралцаж  газар дэлхий, байгаль уул ус, мал аж ахуйгаараа улс орноо хөгжүүлье л гэж хэлье дээ.

Залуу хүн мал маллана гээд бусдыгаа уриалаад дээл өмсч, бүсээ нар зөв ороож байхыг харах сайхан санагдсаныг нуух юун. Бүлээн хошуут малын минь буян заяа их дээ гэж ярих ахмадын үгийг мөн ч олон сонсч байсан. Тэгвэл нийслэлд буй ажилгүй иргэдээ уриалаад өвөр дүүрэн итгэлтэй хөдөөг зорьж буй энэ л залуус, тэдний үр хүүхэд бидний хойч ирээдүй билээ. Монгол хүн малтайгаа байхад өлсөхгүй, явгарахгүй, ядрахгүй. Морио унаж, үхэр, тэмээгээ хөллөж тэртээх олон зууны тэртээгээс нүүж ирсэн бидний удам мал маллах арга ухааныг хуучинсан сэтгэлгээ гэж хэзээ ч чамлахгүй, бодохгүй нь тодорхой. Тиймээс ч Алтан-Одын Тэнгис ийнхүү ярьж сууна.
 
-АНУ д бизнесийн удирдлага, МУИС-ыг Улс төр судлаачаар  төгссөн хүн, яагаад малчин болохоор шийдэв, гэр бүлийхэнтэйгээ ярилцсан уу? 

-Би 25 настай, гурван үеэрээ мал аж ахуй эрхэлж үзээгүй буюу хотын унаган хүү гэхдээ өөрөө,  өөрийнхөө дотоод бодлоор малчин болохоор шийдсэн. Учир нь би монгол хүн, жинхэн Монгол хүн болж төлөвших . Мөн хөлс хөдөлмөрийн амт хотод ажил хийхэд багадаад байна, бүүр тийм ааг амтыг нь мэдэрч ажилламаар байна. 

-Өөрийн үзэл бодолдоо хир үнэн ч байдаг вэ?

-Улс төр судлаач мэрэгжлээр төгссөн хүний хувьд Монгол Улсын цаашдын хөгжилд санаа тавьж, гарцын эрэлд мордсон, түүнийгээ мал аж ахуйгаас олно. Өөрөөр хэлбэл “Мал аж ахуй, малчдын амьдралаар амьдарч үзээгүй, тэдний мэдлэг чадварыг мэдэхгүй  хүмүүс шийдвэр гаргах түвшинд  байж болохгүй гэж үздэг. Хүн болгон үзэл бодолдоо хайртай байдаг, ярьдаг нь олон болохоор би хийж хэрэгжүүлдэг нь байхыг хүсч байна. Мал аж ахуйг авч явж байгаа тэр хүмүүс өнөөдөр өвөг дээдсээсээ  үлдээсэн нүүдлийн соёл иргэншлийг дархалж ирээдүйд үлдээх үнэ цэнийг авч ирж  байна. Өнөөгийн  залуучууд янз бүрийн нэр хаягтай брэндийн хувцас өмсөж шивээсээр үзэл бодлоо илэрхийлж байхаар дээлээ өмсч хэлц үг, сайхан сургаалын үгээр ярьж сурмаар байна. Би санаагаа хэлж байгаа шүү. Найзууд минь буруугаар битгий ойлгоорой.    

- Ямар нэгэн бэршээлийн өмнө шантрах нугарч хугарах зүйл гарвал яах вэ?

-Мэдээж бэрхшээл, шантралтай тулгарах байх гэхдээ эргэж буцна гэсэн ойлголт байхгүй, овоон дээр гарч ээжийгээ санаж нэг уйлна, хотын гэрээ санаж хоёр  дахь удаагаа уйлах байх. Суурин соёл иргэншил гоё л доо, хотынхон саарал сэтэхүйтэй болчихдог, тийм учраас  заавал малын дэргэд байгаль эх дэлхийдээ ойр байгаа хүний сэтгэлгээ өөр байдаг юм билээ.  Тэгээд ч хүний мөн чанар, унаган язгуурын  шинжээ эрж хайж явж байна гэхэд болно.

Ийнхүү удамт малчны ухааныг өвөртөлсөн залуус минь хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыгаа уриалж их зорилгынхоо замд хүлгийн жолоо заллаа. Мал маллах сонирхолтой олон арван залуусыг Улстөрийн академийн дэргэдэх “Алтан гар” хөдөлмөрийн бирж угтан авч сургалтад үнэгүй суулгаж, ажил олгогчтой нь холбож, хөдөлмөрийн гэрээ байгуулж илгээлтийн эздийг бэлтгэх их ажлыг өрнүүлээд байгаа аж. Энэ их ажлын гараа ийнхүү Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир гуайн буянт малын хотноос эхэлж Х.Билгүүн, А.тэнгис нар минь уургын цээл хуйв морин эрдэнийн толгойд нутарч, шилбүүрийн торгон сурны дуу хонин эрдэнийн дэргэд тас хийх их нутгийн малчид боллоо.   

Р.Улам-Оргих

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.